АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд манай улс төрчид хэнийг дэмжиж байсан бэ?
2012.11.08

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд манай улс төрчид хэнийг дэмжиж байсан бэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар дүнгээ гаргалаа. Харин манай улстөрчид нэр дэвшигч Барак Обама болон Митт Ромни нарын чухам хэнийг, ямар учраас дэмжиж байсныг нь сонирхсон юм.

Уул уурхайн   сайд Д.Ганхуят:

-Миний хувьд Барак Обамаг дэмжиж байсан. Түүнийг өмнө нь  АНУ-ын Ерөнхийлөгч байсан учраас уламжлалаа хадгалах байх гэдэг утгаар  нь дэмжсэн. Гэхдээ хоёр нэр дэвшигчийн рейтинг ойролцоо байсан нь сонгуулийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо. Харин одоо америкчуудын сонголтыг хүндэтгэж байна. Дахин сонгогдсон Ерөнхийлөгч Барак Обамад баяр хүргэж байна.

УИХ-ынгишүүн Д.Оюунхорол:

-Улстөрч, улстөр судлаач хүний хувьд их гүрний Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулан ажиглахаас аргагүй байлаа. Би Барак Обамаг дэмжиж байсан. Яагаад гэвэл Барак Обама бол улстөр судлаач, дипломатч. Харин Митт Ромнигийн хувьд бизнесмэн. Мөн АНУ-д сонгуулийг хэрхэн зохион байгуулж, ямар шударга явуулдаг болох нь харагдсаныг хэлэх хэрэгтэй.

УИХ-ын  гишүүн С.Дэмбэрэл:

-Монгол Улсын иргэн С.Дэмбэрэл надад наад асуудал чинь огт хамаагүй. Тэнд хэн Ерөнхийлөгч байх нь надад онц их ач холбогдолгүй.

УИХ-ын  гишүүн Д.Ганбат:

-Митт Ромниг дэмжиж байсан. Харамсалтай нь ялалт байгуулж чадсангүй.  Америкийн  ард түмэн энэ удаа бүгд найрамдахчуудад итгэл үзүүлэх болов уу гэж харж байсан юм. Харин асуудлыг өөрөөр шийдлээ. Гэхдээ энэ нь америкчуудын сонголт болохоор хүндэтгэх ёстой.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:

-АНУ-ын хуучин бөгөөд шинэ Ерөнхийлөгч Барак Обамаг дэмжиж байлаа. Тэр хүн бага гүрний асуудлыг сайн мэдэрч, ойлгодог. Тэр ч утгаараа цаашид дэмжих байх гэж бодож байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн үед манай хоёр улсын харилцаа улам дотно болж, цаашид ч өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.