Хаданд гарсан орон нутгийн сонгууль
Анх удаа бүртгэлийг цахим төхөөрөмжөөр хийж, саналын хуудсыг автомат машинаар тоолно. Анх удаа холимог системээр сонгууль зохион байгуулна. Бас уг сонгуульд 19400 шахам хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь манайдаа л рекорд тогтоох үзүүлэлт болж байна. НИТХ-ын сонгууль тусдаа болсон байхад шүү дээ. 2008 онд НИТХ, аймаг, сум, дүүргийн сонгуульд өрсөлдөгчид нийлээд 16500 гаруй л хүн байсан аж. Өрсөлдөгчдийн тоо илт нэмэгдсэн атлаа тэднийг сойж буй намын тоо бас буурчээ. Үүний шалтгаан юу юм бол.
УИХ-ын сонгуулийн үр дүнтэй энэ өрсөлдөөн холбогдоно.
1. Парламентад АН 31, МАН 25, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр суудал авсан. Мөн бие даагч гурван гишүүнтэй нийлээд одоогоор УИХ 71 гишүүнтэй байгаа. АН-ын хувьд УИХ-д олонхыг бүрдүүлсэн, НИТХ-д илт давуу ялсан. Одоо тэд аймаг, сум, дүүргийн ИТХ-д багаа бүрдүүлэхийг зорьж буй нь мэдээж. Тиймээс орон нутаг тийш хүч хаяж, анхаарлаа хандуулж байгаа юм. Тэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас бусад бүх газар нэр дэвшигчээ илгээсэн. МАН-аас 10-аар цөөн буюу 1019 нэр дэвшигч сойжээ. 2008 онд АН-ын хувьд орон нутгийн сонгууль тийм ч одтой байгаагүй юм.
Харин энэ жил УИХ, НИТХ-д олонх болсон учир тус намынхан илүү итгэлтэй үзэж байна. МАН-д ч бас үзэж тарах бодол бий. УИХ, НИТХ-д ялагдчихсан. Тиймээс орон нутаг хэмээх цайзаа хамгаалж үлдэх “тулаанд” МАН-ынхан мордож байна. Энэ бол ирэх дөрвөн жилд тус намын хувьд улс төрийн гол талбар байх учиртай. Тиймээс тэд ирц бүрнээр буюу 1029 нэр дэвшигч томилжээ. МАХН-ынхны тухайд УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудал авсан амжилтаа орон нутагт бататгахыг хүсэж байна. Тиймээс тэд ИЗНН, МҮАН-тай тус тус эвсэж, бас боломжит газраа дангаар өрсөлдөх сэргэлэн тактик сонгосон. Мөн бие даагч 134 хүн бий. Нэр дэвшигчээр бүртгүүлсэн 19 мянга гаруй хүний дотор орон нутгийг сонирхсон нийслэлийнхэн олон. Гэхдээ тухайн нутагт 180-аас багагүй хоног амьдарсан л бол энэ нь хүний сонгогдох эрхийн асуудал гэж хуульд үзжээ.
2.Төсвийн тухай шинэ хуулиар энэ жилээс орон нутгийн өөрөө удирдах байгууллагын санхүүгийн эрх мэдлийг нэмж буй. Хамаг л орлогоос нь улсын төсөв рүү хуу хамдаг байсан орлогын ихэнхийг, зарим татварын орлогыг 100 хувь орон нутагт нь үлдээж байгаа юм. Энэ нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн суудлыг хаданд гаргачихав. Санхүүгийн эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр тухайн албан тушаалын үнэ цэнэ өсөх нь мэдээж юм. Сумыг ч гололгүйгээр өрсөлдөж буй бас нэг гол шалтгаан энэ. АН эзлэх, МАН хадгалах, МАХН бататгах зорилготойгоор орон нутгийг зорьсон нь дээр дурдсан тоон үзүүлэлт болон зохион байгуулалтын өөрчлөлтөөс илүүгээр аймаг, сум, дүүргийн ИТХ-ын ач холбогдлыг өндөрт өргөжээ. Хэнийх нь тактик онож, ямар нь орон нутаг хэмээх вант улсад эзэн суух нь 20 хүрэхгүй хоногийн дараа тодорхой болно.