Г.Шийлэгдамба: Сонгуулийн үр дүн МАХН-ыг бататгаж, гуравдагч хүчний орон зайг тодотголоо
Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэгдээгүй ч улс төрийн намууд тус тусын мэдээллийг өгч эхэлсэн. Энэ талаар МАХН ямар байр суурь баримталж байгааг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулав.
-Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн гараагүй ч намууд мэдээлээд эхэлчихсэн. Танай нам ямар байр суурь баримталж байна?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үйл явц хуулийн хугацаанд дууссан. Түүнээс хойшхи хугацаанд бид намынхаа орон нутаг дахь байгууллагуудын ажиглагч нараас сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээллүүдийг авч нэгтгэлээ. Хэдийгээр СЕХ албан ёсны тайлбараа хийж, орон нутгийн сонгуулийн эцэслэсэн дүнг хэлэхгүй байгаа ч намууд өөр, өөрсдийн шугамаар байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал АН, МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан үр дүнгийнхээ талаарх мэдээллийг хэд хэдэн удаа явууллаа. Орон нутгийн сонгууль цаг хугацааны хувьд нэлээд оройтсон, мөн ирц бүрдэлт тааруу байснаас эцэслэсэн дүн гарах хугацаа сунжирч байх шиг байна. Үүнээс шалтгаалж манай нам орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийхээ хойшлуулж байсан. Харин өнөөдөр намын байрандаа хэвлэлийн хурал хийж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийллээ. МАХН юу гэж үзэж байна гэвэл, манай нам УИХ-аар байгуулсан, өөрөөр хэлбэл Их хурлын сонгуулиар ард түмнээсээ авсан байр сууриа бататгаж, гуравдагч хүчний орон зайг тодотгосон орон нутгийн сонгуулийн үр дүн гарлаа гэж үзэж байна.
-Ямар үндэслэлээр ингэж тодорхойлж байна?
-УИХ-ын сонгуулиар бид 20 гаруй хувийн саналыг авч байсан. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар мөн тийм хэмжээний саналыг урьдчилсан байдлаар авах боломжтой болж байна. Бид Их хурлын сонгуулиар бүлэг байгуулах хэмжээний суудлыг авч чадсан. Тэгвэл, орон нутгийн сонгуулиар дэвшүүлсэн тойрог бүртээ суудал авч чадлаа. Аймаг, орон нутгийн ИТХ-д төлөөлөгчтэй болох боломж бүрдлээ. Энэ бол манай нам нэрээ сэргээснээс хойшхи анхны сонгууль.Энэ утгаараа бид бүх шатны ИТХ-д төлөөлөгчгүй байсан бол энэ удаагийн орон нутгийн сонгуулиас хойш хэдэн зуун төлөөлөлтэй болох боломж бүрдэж байна. Гэхдээ энэ сонгуулийн үр дүн хөдөө орон нутгаас эцэслэж гараагүйг түрүүнд хэлсэн. Мөн нийслэлийн нийт хэсгийн хороодын 50 гаруй хувьд нь дахин санал хураалт явуулахаар болж байх шиг байна. Ийм болохоор эцэслэсэн үр дүнг өнөөдөр тодорхойлж хэлэх боломжгүй.
-Нөхцөл байдал ийм байхад уралдаж мэдээлэл хийгээд байгаа МАН, АН-ын тухайд юу хэлэх вэ?
-Нөгөө хоёр намын тухайд нэлээд тодорхой ялалтуудын талаар мэдээлэл өгч байна. Бид өрсөлдөгч намуудынхаа сонгуулийн үр дүнд хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ гуравдагч хүчний орон зай асуудлыг хааш нь ч эргүүлж болдог. Тоо тэнцүү буюу ойролцоо байгаа тохиолдолд гуравдагч хүчний буюу МАХН-ын өөрийнх нь гаргах улс төрийн шийдвэрээс шалтгаалж Ардын нам юм уу, Ардчилсан намын аль нэгэнтэй эвсч асуудлыг шийдвэрлэх бололцоотой. Энэ бололцоо зөвхөн бидэнд л байгаа. Ийм учраас бусад намд яаран ялалт үр дүнгээ тодорхойлох нь ёс зүйн хувьд нэг талаас гуравдагч хүчнээ үл хүндэтгэсэн байдал болох вий гэж бодож байна. Бид байр сууриа баталгаажуулсан. Иргэд, сонгогчдын зүгээс бидний шударга ёсыг тогтоох гэсэн зорилтыг бүрэн хангахуйц сонгууль боллоо.