Ч.Улаан: Төмөр зам, эрчим хүч, нүүрс, нефтийн төслүүд нь эдийн засгийн өндөр үр ашгийг авчирна
Сангийн сайд Ч.Улаанаас бондын асуудлаар тодруулга авлаа.
-Манай улс бондоо маш амжилттайгаар гадаад зах зээлд арилжсан хэмээн засгийн газар ярьж байна. Бондоо одоо харин үр ашигтайгаар зарцуулах л үлдлээ?
Тийм ээ. Эдийн засгийн өндөр үр ашиг авчрах төсөлд зарцуулах нь зүйтэй юм. Эдийн засгийн өндөр үр ашиг авчирч чадах гэдэг нь үр ашгаараа авсан зээлээ төлчихөөд эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх, төсөвт орлого оруулах, тийм л төслийг бид нар ойлгож ажиллах ёстой. Өндөр үр ашиг авчрах төсөлд төмөр замын төслийг авч үзэж байна.
-Яагаад төмөр зам гэж?
Монгол орон асар их байгалийн баялагтай. Энэ их баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бид хамгийн наад зах нь далайд хүргэх ёстой юм. Энэ ажлыг төмөр замаар л хийнэ.
Оюутолгой, Тавантолгойн том орд газруудыг эргэлтэд оруулаад ирэхээр өнөөдрийн жилдээ тээвэрлэж байгаа ачаа тээврийн хэмжээ наад зах нь 4-5 дахин нэмэгдэх тооцоо судалгаа байгаа. Тэгэхээр төмөр зам гэдэг нь өөрөө асар их ажлыг амжуулах, эдийн засагт өндөр үр ашиг өгөх салбар юм.
Тиймээс эхний ээлжинд 1800 км төмөр замыг монгол улсын нутаг дэвсгэр дээр тавихтай холбоотой төслүүд боловсруулагдаж байгаа. Энэ төслүүдийг санхүүжүүлнэ.
Дараагийн өндөр үр ашигтай төсөл нь эрчим хүчний төсөл. Цахилгааны тавдугаар эх үүсвэрийг авч үзье. Дотоодынхоо хэрэгцээг хангаад дээрээс нь шинээр хөрөнгө оруулалтаар бий болох уул уурхайн боловсруулах, олборлох, цогцолборыг хэрэгцээг хангаж чадах эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Одоогийн байдлаар хичнээн төслүүд ирсэн байгаа вэ?
Төслүүдийг сонгон шалгаруулж хооронд нь өрсөлдүүлэх учраас Засгийн газарт олон төслүүд ирж байгаа. Гурав дахь нэг том төсөл нь нүүрс, нефтийг ашиглаж бензин шатахуун үйлдвэрлэх төсөл. Үүнийг дэмжвэл бид нэгдүгээрт өөрийнхөө баялгийг оновчтой ашиглана, хоёрдугаарт гадаад орноос хамааралгүй болох бололцоо бүрдэнэ.
Дараа нь металлургийн үйлдвэрлэлийн салбар, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэх зэрэг төслүүдийг тэргүүн ээлжийн эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл хэмээн үзэж санхүүжүүлэх болно.
Ярилцсанд баярлалаа