С.Эрдэнэ: Ерөнхий сайд С.Батболд Д.Зоригт сайд нарт асуулга тавина
2011.09.06

С.Эрдэнэ: Ерөнхий сайд С.Батболд Д.Зоригт сайд нарт асуулга тавина


Ажлаа сайжруул гэж ахин дахин сануулаад байхад Д.Зоригт сайд үл тоосон тул ажилд нь ахиц гарсангүй гэж үзээд өмнө нь тавьж байсан үндэслэлүүдээрээ түүнийг огцруулах саналыг гурвантаа өргөн барихаар болжээ. Энэ нь үнэн эсэхийг С.Эрдэнэ гишүүнтэй утсаар холбогдож тодруулсан юм.

-УИХ-ын зарим гишүүд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах санал өргөн барих гэж байгаа юм уу. Тэдгээр хүмүүсийн дунд таны нэр байна?
-Одоохондоо огцруулах саналыг ергөн барихгүй. Эхний ээлжид Ерөнхий сайд С. Батболд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт асуулга тавих юм. Энэ асуулгыг хоёр, гурав хоногоос хүргүүлэх болно. Тэгээд ирүүлсэн хариуг нь харж байгаад огцруулах эсэхээ шийднэ. Эдгээр хүмүүс асуултын хариуг хуулийн хугацаанд нь ирүүлэх үүрэгтэй. Ямартай ч Д.Зоригт сайдад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
-Ямар асуудлыг гол үндэс болгож байгаа вэ. Хэрвээ та бүхэн сайд Д.Зоригтыг огцруулах саналыг гаргавал гурав дахь удаагийнх болно. Энэ удаа хариуцлага тооцож чадах болов уу?
-Өмнө нь хоёр удаа энэ асуудлыг хөндөж байсан. Тухайн үед яригдаж байсан асуудлууд өнөө хүртэл шийдэгдээгүй байна. Эрчим хүчний салбарт л гэхэд тавдугаар цахилгаан станцыг барихаар ажлаа эхлүүллээ гэсэн.
Биднийг Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг өргөн барихад тэд бөөн бичиг цаас үзүүлээд ажил эхэлсэн гэж мэдэгдээгүй юу.
Гэтэл тавдугаар цахилгаан станцыг барьж дуусвал гуравдугаар цахилгаан станцын яндангуудыг буулгах юм байна лээ. Тэгэхээр энэ ажил зөвхөн гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл болж таарч байгаа юм. Мөн нефтийн асуудал байна. Одоо болтол таг чиг. Энэ мэтчилэн яривал олон асуудал байгаа. Тиймээс бүгдийг нь багцалж дээрх хоёр хүнд асуулт тавих юм. Тэгээд хариуг нь харж байгаад ямар хариуцлага үүрүүлэхээ шийднэ.
-Тантай хэдэн гишүүн хамтрахаар болсон бэ?
-Олон гишүүнтэй хамтарна Асуудал яагаа ч үгүй байхад би хүмүүсийн нэрийг дурдаад хэрэггүй байх.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.