Ц.Дашдорж:”Монголын төр төмөр замаа аваад явчих бололцоог олгоно”
2012.05.24

Ц.Дашдорж:”Монголын төр төмөр замаа аваад явчих бололцоог олгоно”

ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урилаа.
-ЗТБХБ-ын сайдын албыг хашиж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнээд хэлбэл, юу гэх вэ. Эндээс ярилцлагаа эхлэе?


-Өнгөрсөн хугацаанд нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чухал ажлууд дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Би чинь 11 салбар хариуцаж ажилладаг хүн шүү дээ. Үүнээс тоймлон дурьдвал нийгмийн чиглэлийн буюу иргэдээ орон сууцжуулах ажлыг бодитойгоор эхлүүлэх, төмөр замаа хөдөлгөх, аймгуудыг нийслэлтэй холбох авто замаа эхлүүлэх гээд үүнтэй холбоотой бүхий л асуудлыг цогцоор нь авч үзлээ. Орон сууцны тухайд эхний ээлжинд газар олголт, хотын ерөнхий төлөвлөгөө ямар байна вэ гэдгийг судаллаа. Барилга барих нэг хэрэг. Гэтэл түүнийг дагасан дэд бүтцийнх нь асуудал хамт явж байх ёстой шүү дээ. Аливаа зүйл хоорондоо уялдаа холбоотой байж илүү үр дүнд хүрдэг. Дэд бүтэц дотроо усан хангамжийн асуудал тулгамдаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 160 гаруй мянган метр куб усыг өдөртөө олзворлож байна. Өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хангахын тулд хоёр төсөл хэрэгжүүлж эхэллээ. Нөгөө талд нь дулааны эх үүсвэр байна.

V цахилгаан станц яах аргагүй хөндөгдөнө. III, IV цахилгаан станцууд дандаа баруун талдаа байрласан, зүүн тийшээ тэлэх бололцоо алга.

Дулааны эх үүсвэр нэг талдаа гэсэн үг. Иймээс зүүн тийш яаж хүргэх вэ гэдэг дээр одооноос дэд бүтцийнх нь асуудлыг шийдэх ёстой. Энэ утгаараа нийтдээ 162 тэрбум төгрөгийн дэд бүтцийн асуудлыг Хөгжлийн банкаар санхүүжүүлэхээр шийдсэн. Нийлүүлэлт гэхээр эргээд мөнгөтэй холбогдож байгаа юм. Орон сууц барихын тулд хувийн хэвшлийн компаниуд банкнаас зээл авна, нөгөө талд төрийн үүрэг бол иргэдээ мөнгөжүүлэх. Энэ хоёр хосолж байж, нэг нь худалдан авах чадвартай, нөгөө нь зах зээлд нийлүүлэлтийг хийж өгдөг юм. Энэ хоёрын баланс тэнцүү байвал зах зээл дээр үнийн тогтвортой харьцаа бий болно.

-Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн ч орон сууцны үнэ өндөр байна гэх шүүмжлэл  гарч байгаа. Үнийг шийдчихсэн байх аа?


-Энэ талаар ярихаас өмнө нэг тоо хэлмээр байна. Манай улсын хэмжээнд нийт хүн амын ердөө 30-хан хувь нь л орон сууцанд амьдардаг. Үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. Иймээс нийт хүн амаа орон сууцжуулахад төрөөс илүүтэйгээр анхаарч байгаа. ЗТБХБЯ-ны бодлого ч үүнд чиглэсэн. Өөрөөр хэлбэл, бидний чиглэсэн зорилго, үндсэн үүрэг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулж, Улаанбаатар хотыг утаанаас салгах. Орон сууцны үнийн хувьд иргэд шүүмжилж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд сонголт бий шүү дээ. Заавал тийм өндөр үнэтэй байр авах шаардлага байна уу, үгүй юу. Бид анх удаа барилга босгоход ордог 20 гаруй мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс гол 500-г ялгаж үнийн өсөлт хэр байгааг судалсан. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн өсөлтөд барилгын материалын үнэ, техникийн норм, цаг, үйл ажиллагаа яаж нөлөөлснийг судаллаа. Ингээд орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 1.193.000 төгрөг байх нь зах зээлийн шаардлагад нийцсэн бодит үнэ гэдгийг тогтоосон. Энэ үнийг ч зөвшөөрсөн барилгын нэлээд олон компани байна. Иргэд эндээс сонголт хийх боломжтой.

-ЗТБХБЯ-ны бодлого улсын хөгжилтэй шууд холбогддог. Иймээс та салбарынхаа бодлогыг хэрхэн харж байна. Яаж өөрчлөх ёстой гэж үзэж байна?


-Яамны бодлогыг өөрчлөх гэхээсээ илүүтэй бид, монгол хүн нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр талбайн хаана ч сайхан амьдарч болох, амьдралынх нь орчныг бүрдүүлэх ажлыг дэд бүтцээр дамжуулж шийдэх ёстой. Тэр утгаараа энэ өргөн уудам нутагт автозам, төмөр зам, иргэний агаарын тээврийн үйлчилгээг иргэн бүрт яаж хүргэх ёстой юм. Дэд бүтцээр дамжуулж тухайн хүний амьдралд ямар өөрчлөлт гаргах юм гэдгийг манай яам бодлогынхоо хүрээнд гаргаж ирж байна. Энэ утгаараа замын бодлого дээрээ эхний ээлжинд аймгийн төвүүдийн автозамыг нийслэлтэй холбох чиглэлд ажлаа эхлүүллээ. Хоёрдугаарт, Монгол Улс уул уурхайн баялаг дээрээ тулгуурлаж, хөгжлийн дараагийн алхмаа харж байгаа бол төмөр замаа шийдэх ёстой. Манай яамны хоёр дахь үндсэн үүрэг  энэ. Монгол Улс өрөөсгөл эдийн засагтай. Яагаад ингэж хэлэв гэж асуух байх. Уул уурхайн баялгийн үнэ өсч байгаа үед бол их баян, цатгалан байна. Харин эсрэгээрээ баялгийн үнэ унахад элгээрээ хэвтээд өгдөг. Саяхны жишээ байна шүү дээ, 2008-2010 оны хооронд бид яаж сандрав. Тэгэхээр энэ өрөөсгөл эдийн засгийг яаж зөв гольдрилд нь оруулж, уул уурхайгаас орж ирж байгаа өнөөдрийн орлогыг маргааш уул уурхайгаас хамааралгүй, яаж хуваарилж, хөрөнгө оруулах вэ гэхээр гарцаа байхгүй дэд бүтцэд голлон анхаарах болчихож байгаа юм. Тиймээс цаашид дэд бүтцийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Төрийн бодлого, хөгжлийн бодлого хоёр дэд бүтэцтэй хамт зангидагдаж явах ёстой. Үүгээр дамжаад иргэн амьдралаа дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж нь нээгдэнэ. Төмөр замыг гарцаа байхгүй, хурдан эхлүүлэх шаардлагатай.

-УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг 2010 онд баталсан ч хэрэгжилт нь цаасан дээр үлдсэн. Харин саяхан Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэлээ. Төмөр замын бодлого одоо ямар төвшинд явж байна. Хэзээнээс албан ёсоор эхлээд, ашиглалтад орох бол?


-Төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэрийг Засгийн газар энэ сарын 9-ний хуралдаанаар гаргасан. Тодруулбал, Сайншанд-Таван­толгой, Ухаахудаг-Гашуун­сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжлээ. Ингэхдээ төмөр замын суурь бүтэц барих, ашиглах хугацаанд төрийн мэдлийн 51 хувийг төлбөртэй болон гэрээний хугацаа дууссаны дараа төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх, үндэсний хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжоор хангах, хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан иргэдэд нээлттэй арилжаалахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу төмөр замын барилгын ажлыг ирэх сард багтааж эхлүүлэхээр товлосон. Харин 2014 он гэхэд хоёр чиглэлийнхээ төмөр замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн хувьд бид зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр ордын төвшинд л асуудал ярьж байна шүү дээ. Эдний цаана ийм орд олон бий. Энэ ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах. Эргэлтэд оруулахын тулд эхний ээлжинд баялгаа машинаар зөөгөөд, байгалиа сүйтгээд байгааг зогсоох ёстой юм. Хоёрдугаарт тэр ордуудыг үнэлгээжүүлэх хэрэгтэй. Тух­айл­бал, Тавантолгой гэж ярьж байна. Тавантолгойгоос чи ч, би ч нэг сая төгрөгийн хувьцаатай шүү дээ. Тавантолгойн орд хэдий чинээ үнэтэй болно, иргэн бүрийн хувьцаа түүнийг дагаад үнэд хүрнэ.

Тавантолгойн ордод өнөөдөр дэд бүтэц байхгүйгээс л үнэлгээжиж чадахгүй байгаа юм.

Хэрвээ дэд бүтэцтэй болчихвол өнөө нэг сая төгрөг маань гурван сая төгрөг болж өснө. Хоёрдугаарт, төмөр зам ашиглалтад ороод, Тавантолгой нүүрсээ угааж боловсруулаад эхэлбэл бүр зургаан сая төгрөгт хүрнэ. Бид ингэж бодож энэ ажлыг явуулах ёстой. Би энэ албыг аваад 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд төмөр зам дээр голлон анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа. Төмөр замын асуудлыг гаргаж тавихдаа Монголын төр хэнээс ч үл хамааран төмөр замаа аваад явчих бололцоог олгох ёстой. Үүнийг  эзэмшлийн хувиар л бий болгоно. Тэгэхээр төр 51 хувь эзэмших ёстой үндсэн зарчим агуулагдаж байгаа. Түүнчлэн дотоодын компаниуд буюу дотоодын эх үүсвэрүүдийг дээд зэргээр дайчлах. Энэ үүднээс “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Дорнын төмөр зам” гээд Монголын компаниудыг төмөр зам руугаа оруулж байна. Тэгэхээр нийтэд нь харахад төмөр замын төслийн 50 гаруй хувийн хөрөнгө оруулалтыг монголчууд дангаараа бүрдүүлж байна. Төмөр замын бодлогын хувьд ийм ил тод зарчим хэрэгжиж байгаа. Нөгөө талд нь мэдээж хоёр хөршийн болон бусад гуравдагч орны сонирхлыг харгалзах ёстой. Тэр агуулгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг энэ төсөл рүү оруулж байна.

-Шинэ төмөр замаараа дамжуулан далайд гарах гарцыг хайж байгаа гэж сонссон. Энэ талаар таниас тодруулж болох уу. Ер нь хоёр чиглэлийн төмөр зам маань яг хаагуур хаагуур дайрч өнгөрөх юм бэ?


-Нэгдүгээрт, Сайншанд руу төмөр зам тавьснаар Тавантолгойн нүүрс тээвэр Монгол Улсын төмөр замын гол шугамтай холбогдоно. Ингэснээр ОХУ болон БНХАУ-ын төмөр замтай шууд холбогдож байгаа юм. Мөн дотоодын томоохон хотуудтай ч төмөр замын сүлжээгээр холбогдоно. Цаашилбал, энэ чиглэл Баруун-Урт, Хөөтөөр дамжин Чойбалсангийн төмөр замтай холбогдож нэгдсэн сүлжээ бий болно. Мөн Дорнод аймгийн Нөмрөгөөр Хятадын төмөр замтай холбох төмөр замыг барьснаар, цаашаа далайд шинээр гарц нээх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, одоогийн төмөр зам Хятадын Тяньжин боомтоор далайд гардаг. Гэтэл энэ боомтын ачаалал ерөнхийдөө ханачихсан. БНХАУ-ын тал ч цаашдаа ачааллыг нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Иймээс бид Дорнод аймгийн Нөмрөгөөр далайд гарах гарц шинээр нээх зорилгоор Хятадын Хойд Солонгостой хиллэдэг хэсэгт оршдог Дандонг боомттой холбогдох асуудлыг судалж байна.

-Төмөр замын ажил харьцангуй хөдөлж эхэллээ. Гэхдээ хүмүүс яг л маргааш төмөр замтай болоод, түүнийг дагаад олон мянган хүн ажилтай болчих юм шиг хүлээлттэй байна. Энэ тал дээр тооцоо судалгаа байна уу?


-Төмөр замын барилгын ажилд 1800-2000 хүн хэрэгтэй. Баригдаад дуусахад 4000 орчим ажлын байр бий болно. Энэ сардаа багтаж төмөр замын барилга угсралтын ажил эхэлнэ. Төмөр замын бүтээн байгуулалт руу шууд орж ирэх хөрөнгө оруулалт, дээрээс нь үүгээр дамжаад Сайншандын аж үйлдвэрийн парк хөдлөх юм. Парк дээр үйлдвэр барих ТЭЗҮ-гээ хийчихсэн байсан компаниуд төмөр зам хөдлөөд эхлэхээр хөрөнгө оруулалтаа хийж эхэлнэ. Өнөөдрийн төсөөлж байгаагаар зөвхөн төмөр зам хөдөлж эхэлснээр Монгол Улсад энэ ондоо ДНБ-ий 24 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Ингээд бодохоор ажил урагш алхаж байгаа биз. Мэдээж түүнийг тойрсон жижиг бизнес асар ихээр гарч ирнэ. Бетон дэр, газар шороо, карьер гээд олон ажлыг нэрлэж болно. Гэхдээ энэ бол зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлууд. Тэнд ажиллах хүмүүсийн ажлын хувцас, хоол унд гээд жижиг бизнесүүд дагаад орох нь дамжиггүй. Нөгөө талдаа ирээдүйд тэр төмөр замаар явах галт тэргийг ажиллуулах хүмүүсийн асуудал гарч ирнэ. Түүнийг дагаад нийгмийн дэд бүтэц аяндаа бий болно. Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудал чухал байна. Тиймээс төмөр замаа барих, боловсон хүчнээ бэлтгэх гээд маш олон ажил биднийг хүлээж байна. Энэ агуулгаараа төмөр замыг дагаад нийгэм тэр чигтээ хөдөлгөөнд орж байгаа юм. Би эдийн засаг талаас нь ярьсангүй шүү. Хэрвээ эдийн засгийн үр өгөөж гээд яривал асар олон юм ярих болно. Зөвхөн хүмүүсийн амьдралд төмөр зам ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр хоёр гуравхан зүйл ярихад л ийм байна.

-Дэд бүтцийн салбар маш их хөрөнгө шаарддаг. Энэ жилийн төсөвт дэд бүтцэд чамгүй их мөнгө суусан. Тэгсэн ч гэсэн хөрөнгө оруулалт чамлалттай гэдэг шүү дээ. Цаашид дэд бүтцийн салбар төсвийн бодлоготой хэрхэн уялдах вэ?


-Иргэд рүү чиглэсэн, иргэдийн амьдралыг сайжруулах, за­саг захиргааны нэгжийн хөрөнгө оруулалт тэртэй тэргүй төрийн нуруун дээр байгаа. Хоёрдугаарт, иргэдийн нийгмийн дэд бүтэц гэдэг зүйл байна. Тэнд нь амьдрах орон сууц, эмнэлэг, цэцэрлэг, сургууль байдаг. Үүнийг төр хариуцах ёстой. Иргэн хүн тавтай, тухтай орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуульд ч заагаад өгчихсөн. Бусад хөрөнгө оруулалтын төвшинд бол хувийн хэвшлийнхэн ачаа даагаад явах чадалтай болчихсон байна. Монголчуудын сэтгэл­гээний масштаб ч бас асар өргөн хүрээтэй болж байна. Монголчуудын боддог мөнгө­ний хэмжээ хүртэл өөрчлөгдөж байна. 2000 онд бид Монгол Улсын төсвийг ярьж байхад төсөв 300 орчим тэрбум төгрөг л байсан. Үнэн хэрэгтээ энэ чинь томоохон компанийн олдог л орлого байхгүй юу. 2000 оноос хойш 12 жил өнгөрлөө, хэд дахин нэмэгдсэн байна. Жилээс жилд ахиж, дэвшээд явж байна. Үүнийгээ дагаад монголчуудын сэтгэлгээнд асар том өөрчлөлт орсон. Ингээд харахаар төр өөрийн үндсэн гурван үүргийнхээ нэгийг маш хурдтай биелүүлж явах шаардлагатай болсон байна. Хоёрдугаар асуудал нь хөрөнгө оруулалтын бодлогоороо хөгжлийг босгож ирэх. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн дэд бүтэц, үндсэн дэд бүтэц рүү оруулж байгаа хөрөнгө оруулалтаар дамжуулаад хүн амыг орон нутагтаа тав тухтай амьдрах, бүх үйлчилгээг авах бололцоогоор нь хангах юм. Энэ бол төрийн хоёр дахь үүрэг. Гурав дахь үндсэн үүрэг нь төр иргэнээ байнгын орлоготой болгох ёстой. Томоохон үйлдвэр, ажлын байрыг бий болгох. Дэд бүтэц рүү хийж байгаа хөрөнгө оруулалтаар дамжаад томоохон үйлдвэрүүд бий болж, тогтвор суурьшилтай ажлын байрууд бий болох бололцоо бүрдэнэ. Үлдсэнийг нь хэн хийх вэ. Үлдсэнийг нь иргэн өөрөө хийх ёстой. Тухайн хүн нэг ажилд орчихоод ажлаа байнга солиод байхгүй, тогтвор суурьшилтай ажилладаг, өөрөө өөрийнхөө амьдралын өмнө хариуцлага хүлээдэг болох. Зах зээлийн нийгэм нь хэн ажил хийж чадаж байна, тэрний амьдрал дээшилнэ, хэн ажиллахгүй байна түүний амьдрал доошилдог. Дэд бүтцийн салбарын ажил бол бодит үр ашиг, үр дүн нь тодорхой харагдаж байдаг. Нөгөө талаасаа ялангуяа манай улс шиг хүн ам сийрэг байгаа тохиолдолд эргээд өртгөө нөхнө гэдэг асуудал цаг хугацаа шаардана. Тиймээс төрийн нуруун дээр нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал байхаас өөр аргагүй.

-Салбар хариуцсан сайдын хувьд асуухад улс орныхоо хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ, хөгжил юунаас эхлэх ёстой вэ, таныхаар?


-Хөгжил хүнээсээ эхэлнэ. Бид уул уурхайн баялгаас орж ирсэн орлогоо хүн рүү чиглүүлэх. Хүнээ хөгжүүлж байж, бид ирээдүйгээ өнгөлгөөр харах ёстой юм. Тэр агуулгаараа ерөөсөө хүн рүүгээ л чиглэсэн бодлогыг төр явуулах учиртай. Хүн рүү чиглүүлнэ гэдэг чинь ерөөсөө л саяын ярьсан дэд бүтцийн асуудал шүү дээ. Үнэхээр зөв төлөвшилтэй хүнийг бий болгохын тулд нийгмийн дэд бүтцийг нь зөв төлөвлөж, хөгжүүлж, тэр хүүхдэд сайн сур­гуульд суралцаж, сайн боловсрол эзэмших бүх бол­ол­цоог нь нээж өгөх ёстой. Зааж байгаа багш нь ч гэсэн сэтгэл хангалуун, ажилтай эрчтэй, хүчтэй байх ёстой. Нөгөө талаасаа тэр хүүхэд эрүүл байх ёстой. Тэгэхээр эмнэлгийн асуудлыг шийднэ. Тэр хүүхэд өлсч болохгүй, аав ээж нь ажилтай байх ёстой. Тэгэхээр хүний асуудлыг ярихад л нийгмийн дэд бүтцийн асуудал аяндаа гарч ирнэ. Өнөөдөр монголчууд хөгжлийнхөө ирээдүйг бүгд өөдрөгөөр харж байна. Тэгэхээр энэ хуримтлалыг улс оны дэд бүтэц, хүнээ хөгжүүлэх чиглэлд л зарцуулах ёстой. Энэ урд хөршөө хар. Бидний нүдэн дээр 1992-2012 он хүртэл 20 жилийн хугацаанд ямар хурдтай хөгжсөн байна. Бид зөв бодлоготой явбал үүнээс ч хурдан хөгжих бололцоо бий. П.Жасрай агсны хэлсэн хонгилын үзүүр дэх гэрлийг асаах, бүр бадамлуулах цаг ирж байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.