С.Одонтуяа: Газар хөдлөлтийн аюулыг бууруулах асуудалд төсөв, хөрөнгө тавьсан уу?
2023.10.25

С.Одонтуяа: Газар хөдлөлтийн аюулыг бууруулах асуудалд төсөв, хөрөнгө тавьсан уу?

АБГББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Өнгөрсөн зун Улаанбаатар хотыг үер усны аюул нөмөрч, маш их хохирол амссан. Ер нь Монгол улс үерийн, газар хөдлөлтийн аюулыг давахад бэлэн биш байна гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Газар хөдлөлтийн аюулыг бууруулах асуудалд төсөв хөрөнгө тавьсан эсэхийг тодруулаад, төсөв хөрөнгө тавиагүйгээс том эрсдэл гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ хэмээн лавласан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хариуллаа.

Тэрээр, газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай гэж эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ч бас төсөв хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг тавьж байна. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран 30 сая ам.долларын санхүүжилт бүхий томоохон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх, олон нийтийн сүлжээгээр дамжуулж эрсдэлийн мэдээллийг цаг алдалгүй өгөх техникийн боломж бүрдэнэ. Мөн ОБЕГ-ын бүсийн төвүүдийг шуурхай удирдаж зохицуулах нэгдсэн тогтолцоонд оруулах нөхцөл бүрдэх юм.

Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх асуудалд Сангийн яам анхаарал хандуулсан. Энэ хүрээнд ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд үүний 50 орчим хувь нь хот доторх аврах, эрэн хайх, аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжүүдэд зарцуулагдах юм.

Газар хөдлөлт, үертэй холбоотой асуудлыг нийслэл, аймаг, орон нутаг өөрсдийнхөө гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хүрээнд батлагдсан санхүүжилтээр тодорхой хэмжээнд шийдээд явах боломж байна гэсэн хариулт өгсөн.