Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
2023.10.26

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.25) хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Монголбанкны 100 жилийн ой тэмдэглэх асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсож, холбогдох тогтоолыг баталлаа. 2024 оны зургадугаар сарын 02-ны өдөр Монголбанк байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд иргэдийн Төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, тус салбарын цаашдын хөгжлийг оновчтой тодорхойлох хүрээнд ойн арга хэмжээг зохион байгуулах саналтай байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулав. Банк санхүүгийн салбарын ололт, амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зорилготой тэмцээн зохион байгуулах, олон улсын байгууллагуудыг оролцуулсан онол практикийн бага хурал зохион байгуулах юм байна.


Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-т “Байнгын хороо энэ хуулийн 113.1-д заасан мэдээллийг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулав. “Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний тухай” тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь дэмжснээр Байнгын хорооны дээрх тогтоол батлагдлаа.

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцээд, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг тэрбээр дурдаад үүний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байгаа гэв. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна. Үргэлжлүүлэн Сангийн сайд 2024 онд эдийн засгийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх зарим онцлог арга хэмжээг дурдсан.

Хөдөө орон нутгийг орон сууцжуулах, далд эдийн засгийг бууруулах, хөдөөгийн хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр төслүүдэд тусгасан байна. Мөн татвар нэмэхгүйгээр бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, боловсруулах үйлдвэрийг дэмжсэн, төсвийн орлогын суурийг өргөжүүлэх татварын бодлого хэрэгжүүлэх юм байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хуваарилах, гадаад зээл тусламжийг усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр зэрэг тэргүүлэх ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Цалин, тэтгэврийг эдийн засгийн өсөлт, инфляц, амьжиргааны түвшинтэй уялдуулан индексжүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сан бүрэлдэх талбайд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлсний нөхөх олговрыг бүрэн олгож дуусгах; Монгол Улс эрдэс түүхий эдийн зах зээлд нэвтрэх хэрэгцээ шаардлага, түүнчлэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гамшгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах зорилгоор Монгол орны өмнөд хэсгийн 255 мянган кв.км талбайг хамруулан хийх геологи, хайгуул судалгааг хийх юм байна. Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Дэглий-цагаан, Цагаан дэл уул, Бичигт, Боршоо, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтуудад шаардлагатай орон тоо, бусад урсгал зардлыг шийдвэрлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк, мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаас, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ойжуулалтын арга хэмжээ зэргийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн болохыг Б.Жавхлан сайд танилцуулав.

Ирэх 2024 оны төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 27.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувь болж, төсвийн тусгай шаардлага хангагдаж байгаа юм байна.

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хуралдаанд танилцуулав. Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг 7 зорилтын хүрээнд хянаж, үнэлэхэд аудитын зорилго чиглэсэн байна. Энэ хүрээнд төсвийн төсөл нь улсын хөгжлийн бодлоготой нийцсэн, төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэмээн дүгнэжээ. Эдийн засгийн байнгын хороонд хамаарах Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төлөвлөлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор дэлгэрэнгүй танилцуулаад Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Санхүүгийн зохицуулах хороо 2, Барилга хот байгуулалтын яам 4, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 11, Зам, тээврийн яам 5, Эрчим хүчний яам 4, нийт 26 хөтөлбөр арга хэмжээг тусгаагүй байгааг танилцуулав.

Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн хэмээн аудитын дүгнэлтэд дурдав. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байгаа гэв. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлага бий гэлээ. Түүнчлэн гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байгааг аудитын дүгнэлтэд тэмдэглэжээ. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна.

Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, хяналт болон гэрээний хэрэгжилтийг хангуулах, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгаа аж. Үргэлжлүүлэн Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат улсын төсвийн төслийг боловрсуулахдаа хэрэгжүүлэх шаардлагатай төрийн аудитын байгууллагын зөвлөмжүүдийг дэлгэрэнгүй танилцуулав.

Ийнхүү төслийн талаарх Сангийн сайд танилцуулга, аудитын дүгнэлтийг танилцуулсны дараа гишүүд хууль санаачлагч болон Байнгын хорооны өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авав. Б.Баттөмөр гишүүн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн талаар шүүмжлэл хэлж, эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрэх боломж бий эсэхийг лавлав. Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж салбарын ил, тод байдлыг хангах чиглэлд олон дэвшилт гарч байгааг, далд эдийн засгийг ил болгохоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн, экспорт нэмэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэхэд эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ хэмээн үзэж буйгаа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 76 төсөл, арга хэмжээнд 394 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг төсвийн төсөлд хүргүүлсэн, 94 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт тусгагдаад байгааг тус яамны Дэд сайд хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд бүх аймагт ажиллаж, хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг иргэдээр эрэмбэлүүлсэн. Үүний үр дүнд Хөвсгөл аймагт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бяслагийн үйлдвэрийг бүтээн байгуулахад төсөвт он буюу 2024 онд 700.0 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр, Дундговь аймгийн Хулд суманд байгуулах ноос хяргах байгууламж, тоног төхөөрөмжид 2024 онд 279.8 сая төгрөгийг төсөвлөсөн талаар Дэд сайд М.Ганхүлэг хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа мал, махны экспортын талаар лавлаж, мах, гурилын үнийг тогтворжуулах төсвийн талаар асуув. Засгийн газар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортлох, зах зээлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон хэлцэл хийж байгааг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн. Махны экспортыг квотгүй болгосон талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд сайд өгсөн. Өнөөдрийн байдлааг уг шийдвэрийн хүрээнд 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортолсон байгаа юм байна. Цаашдаа түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн болж экспортлох чиглэлээр салбарын яам анхаарч, ажиллаж байгаа гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслүүдтэй холбогдуулан санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.