УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Ардчилсан нам, намын бүлгээс санал өгч, ажлын хэсэгт орж нэлээн идэвхтэй ойлголцоод ажиллаж буй. Гол хоёр зүйлийг дахин тодотгож хэлмээр байна. Монгол Улс өнөөдөр мандсан тогтолцоотой орон болчихлоо гэдгийг тоо баримт, бичиг бүхий л зүйлээс харуулж байгаа. Мэдээж парламентын засаглалтай улсад нам чадавхтай, потенциалтай байх ёстой.
Гэхдээ намын гишүүдийн албан болон албан бус тоог нийлүүлбэл коммунист тогтолцоотой Хятад улсын коммунист намын гишүүдийн тооноос Монгол Улсын албан ёсны хатуу гишүүнчлэлтэй намын гишүүдийн тоо илүү гарчихсан мандсан улс руу явж байна.
Уг хуульд Ардчилсан намын байр суурь бол хатуу гишүүнчлэлээс татгалзъя гэдэгт буй. Хатуу гишүүнчлэл нь мандсан төрийн ойлголт руу хэтэрхий хөтлөөд байна. Энэ нь олон нийт болон нийгмийн хөгжил дэвшилд таатай биш байна гэдэг үүднээс хатуу гишүүнчлэлээс татгалзъя гэдгийг гаргасан боловч ажлын хэсэг дээр дэмжигдээгүй.
Улс дамжсан бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй намууд үүсэж байгаа тохиолдолд манай орны хувьд санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Хатуу гишүүнчлэлтэй улсын хэмжээний бүтэцтэй намууд ийм байхад нөгөө талд санхүүжилтийн асуудал хэтэрхий хатуу байна. Тиймээс санхүүжилтийн асуудал либериал байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж буй.
Татвар төлсөн мөнгөнөөсөө төлөөд энэ мэдээлэл нь ил тод, нээлттэй байгаа тохиолдолд санхүүжилт дэмжигчдийн, гишүүний оролцооны хамгийн дээд хэлбэр болно.