2023.06.29

Б.Баттөмөр: Улс төрийн намуудын нэгдэж нийлэх, төлөвшүүлэх, хариуцлагажуулах чиглэлд ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Үндсэн хуульд Улс төрийн намуудын үйл ажиллагаа болон санхүүжилт ил тод байхын зэрэгцээ Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана гэсэн заалтууд байдаг. Энэ хэрэгжилт хэр зэрэг байдаг юм бол. Улс төрийн нам бол Ардчилсан үйл явцын амин чухал сүнс, олон ургалч үзэл төлөвшихөд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн үр дүнг харвал мухардалд орчихсон явж байгаа шүү дээ.

Үүнийг нуух юм байхгүй. Энэ нь улс төрийн намуудын төлөвшил, үйл ажиллагаатай холбоотой юм. Манай намууд улс төрчдийг хэдэн арван мянгаар гаргажээ. Үүнээс мундаг нь ч байна. Гагцхүү үүн дотроос төрийн зүтгэлтнүүд л гарах ёстой юм. Өнгөрсөн хугацаанд төрийн зүтгэлтэн төрсөн эсэх нь учир дутагдалтай. Бид нийгэм, эдийн засгийн хямрал хэмээн ярьдаг байсан бол сүүлийн үед ардчилал маань хямралд орлоо хэмээн Дэлхий нийтээр ярьж байна.

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 40 нам байна. Үүнээс 36 нь үйл ажиллагаа явуулдаг. Бидний нэгдэн орсон зарим конвенцод улс төрийн нам байгуулах гарын үсгийг багасгах заалтууд байна. Энэ 36 намыг цаашид нэмэгдүүлэх бус нэгдэж нийлэхэд нь чиглэсэн бодлого явуулах хэрэгтэй. Энэ чиглэлд анхаарсан ямар бодлогыг харж байна вэ?

Улс төрийн намуудын санхүүжилт. Үүн дээр бид маш их арга хэмжээ авч байна. Харамсалтай нь эдийн засгаараа баталгаажихгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй ямар ч үйл явц ямар ч амин сүнсгүй. 126 гишүүдэд улсын төсвөөс мөнгө өгөх юм байна. Энэ нь ямар хэмжээний тооцоо судалгаатай байдаг юм?

Түүний асуултад, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.