2023.04.20
Ц.Даваасүрэн: Хатуу гишүүнчлэл байгаа цагт төр цэвэршихгүй
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Маш чухал хууль орж ирж байна. Хуулийг зарчмын хувьд дэмжээд явах нь зөв. Улс орон, төр сайн байхын гол үндэс нь намууд хариуцлагатай, зарчимтай байх юм. Улс төрийн намуудыг төлөвшүүлэх чиглэлд анхаарах шаардлагатай байна.
Том намуудын бардамнаад, нийгмийн хариуцлагаа үл ойшоогоод байгаа нь намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой. Санал өгдөг, 20-30%-тай, тэгээд саналаа авчихдаг. Одоо энийгээ ашиглах гээд намын жагсаалтаар сонгууль хийдэг болох гээд байна. Хэдийгээр хүн дугуйллаа ч тэр хүний хувийг намын хувьд тооцно. Намын жагсаалтаар дээгүүр жагссан хүн болгон Их Хурлын гишүүн болох гээд байна.
Төрийн байгууллагуудыг сулруулаад байгаа хүчин зүйл нь намын гишүүнчлэл. Эл асуудалд алхам хийсэн зүйл уг хуулийн төсөлд байна уу? Яаж улс орон, төрийг зөв байлгах ёстой вэ гэдгийн гол учир шалтгаан нь намын хатуу гишүүнчлэл юм байна. Учир нь төр, УИХ-д орж ирж байгаа улсуудыг намын гишүүд хэн ч байсан чирээд оруулчихаж байна шүү дээ. Гэмт хэрэгт холбогдсон байсан ч намын гишүүнчлэлд саналаа өгөөд чирээд оруулчихаж байгаа юм.
Ялангуяа сонгуулийн ирц бага байвал намуудын хувь нийт ирцийн 50% болж байна. Сонгуулийн ирц 51% байлаа гэхэд хоёр намын нийлсэн гишүүдийн хувь нь сонгуулийн 50% болчихож байгаа юм. Тиймээс нэр хүндгүй болчихсон, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон улсуудыг чирээд оруулаад байна шүү дээ. Үүнийг баталгаажуулахын тулд намын жагсаалтын ард нуугдаж ордог сонгуулийн тогтолцоог оруулж ирэх гээд хэлэлцээд сууж байна. Хатуу гишүүнчлэл байгаа цагт төр цэвэршихгүй. Намын гишүүнээрээ дамжуулаад төрөө бохирдуулдаг байдал хэвээрээ л байна.
Намын гишүүнчлэлээс болж мөн төрийн албыг сулруулдаг. Хуучин нэг намын тогтолцоотой байхад шилдгүүдээ төрийн албанд тавьдаг байсан. Одоо бол үгүй. Намын гишүүнээр сайн пялдаганаж гүйсэн нь төрийн албанд очдог болсон. Намд хийсэн ажлынхаа төлөө заавал албан тушаал авдаг. Ингэж төрийн байгууллагаа үгүй хийсэн.
Түүний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариуллаа.