АБГББХ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ
2025.03.10

АБГББХ: Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Уг хэлэлцээрийг байгуулах санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улсын талаас анх гаргасныг тэрбээр дурдаж, хоёр тал нягт хамтран ажиллаж хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон гэлээ.

Таван хэсэг, 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа уг хэлэлцээрийн төсөлд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж нийтийн хэв журмыг сахиулах болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хамтран тэмцэх урьдчилан сэргийлэхэд Монгол, Чехийн эрх бүхий байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, мөн хамтын ажиллагааны тусгай хэлбэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, нөгөө талын хүсэлтийг үндэслэн гэмт этгээд, гэрч, хохирогчоос тайлбар, мэдүүлэг авах, албан хаагчдыг тодорхой даалгавар гүйцэтгүүлэхээр нөгөө талын нутаг дэвсгэрт томилон ажиллуулах, нууцад хамаарах баримт бичиг болон хүний хувийн мэдээлэл, харилцан солилцох журам, түүнчлэн хамтарсан сургалт, семинар, дадлага сургууль зохион байгуулах мэргэжилтнүүдээ бэлтгэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Уг хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлд талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд хоёр улсын эрх бүхий байгууллага өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулгадаа онцолсон юм.

Дараа нь уг асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулав. Дээрх асуудлыг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир энэ төрлийн хэлэлцээрийг өөр улс оронтой байгуулсан эсэх, өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хэлэлцээрийг хэрхэн ашигласан, ямар үр дүнд хүрсэн, хэлэлцээрийн дагуу авлигатай тэмцэх болон Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагаатай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаа явуулсан эсэх, ялтан шилжүүлэх ажиллагаа хийгдсэн эсэх, мөн Бүгд Найрамдах Чех Улсад гэмт хэргийн улмаас хохирсон Монгол Улсын иргэн байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлэлцээрийн төслийн хавсралт дахь нууцын зэрэглэл тогтоосон заалттай холбогдуулан Чехийн талаас шилжүүлэн өгсөн хязгаарлагдмал мэдээллийг Монголын тал нууцын зэрэглэлд авч үзэхээр заасан нь оновчтой эсэх талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Түүнчлэн Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэболд нар хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэлжээ. Байнгын хорооны хуралдааныг удирдан явуулсан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлэлцээрийн дагуу мэргэжилтэн, алба хаагчдыг бэлтгэх, солилцоход анхаарч, ялангуяа цахим гэмт хэрэгтэй тэмцэх талаарх Европын улс орнуудын туршлагаас суралцах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна.

Хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулга болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зөвшөөрсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.