2022.03.21

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдлаа

Улсын Их Хурлын намрын чуулганаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан билээ.

Парламентат ёсны хувьд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой гурван чиг үүрэг байдаг нь “хууль тогтоох” - “төлөөлөх” - “хянан шалгах” чиг үүрэг бөгөөд манай улсын хувьд ч онолын энэхүү үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа тусгасан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Улсын Их Хурлын хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрх тодорхой түвшинд хэлбэржин тогтсон ч хянан шалгах бүрэн эрхийн хувьд үр нөлөө багатай хэрэгжиж ирлээ.

Ийм учраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргах зарчмын өөрчлөлтийг Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгээр хийсэн. Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр нарын 15 гишүүн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсны дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тус ажлын хэсэг таван сарын хугацаанд идэвхтэй ажиллаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан 21 хууль, 2 тогтоолын төслүүдийг батлуулсан.

Уг хууль нь 7 бүлэг, 58 зүйлтэй бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолд заасан үзэл баримтлалын хүрээнд боловсруулах шаардлага үүссэн. Түүнчлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөлөл, тухайн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа хүндрэл бэрхшээл, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлох болон тэдгээрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас батлан гаргасан хэм хэмжээний актууд хуульд нийцэж байгаа эсэхэд нэгдсэн хяналт тавих тогтолцоо хангалтгүй байгаа нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргах шаардлагыг бий болгосон юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн онцлог зохицуулалтыг авч үзвэл:

Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх зарчим болон асуулт тавих; асуулга тавих; хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, мэдээлэл, илтгэл сонсох, хэлэлцэх; төсвийн хяналт; хяналтын сонсгол хийх; хянан шалгах түр хороо байгуулах зэрэг Улсын Их Хурлын хяналт шалгалтын 7 төрлийн арга хэрэгслийг нарийвчлан хуульчилж, хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн;

Байнгын, дэд хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, мөн холбогдох хуулиудаар зохицуулсан Улсын Их Хуралд тайлагнах хууль тогтоомжийн биелэлтийн тайлан, илтгэл, мэдээллийг уялдуулан нэгтгэж, Улсын Их Хурлын хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын тогтоол гаргахаар тусгасан;

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хуримтлагдсан өгөгдлүүдийг задлан шинжилж, гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбар, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээг тодорхойлох зорилгоор тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг тогтмол хийж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байхаар тусгасан. Мөн холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзсэн бол хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын баталсан дүрэм, журам тухайн хуульд нийцэж байгаа эсэхэд үнэлгээ хийхээр төсөлд тусгасан;

Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнах зарчмыг шинэ шатанд гаргасан. Тухайлбал, одоогийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр Байнгын хороо сонсоод өнгөрдөг байдлыг өөрчилж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний тухайн жилд төлөвлөсөн арга хэмжээ нь хэдэн хувийн хэрэгжилттэй, чанарын шалгуурыг хэрхэн хангаж байгааг төсөл, арга хэмжээ тус бүрийн хувиар хэлэлцэж, энэ нь 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн 5 жилийн Үндсэн чиглэлд заасан зорилтын хэдэн хувьд хүрч байгааг нэгтгэн Байнгын хороо, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх. Ийнхүү хэлэлцээд Улсын Их Хурал улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл дараа жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл боловсруулах болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөхөөр тусгасан. Урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн хэрэгжилтийг мөн энэ зарчмаар Улсын Их Хурал хянан хэлэлцэж байхаар зохицуулсан;

Төсвийн хяналтын хувьд төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үе шатны, хэлэлцүүлгийн болон хэрэгжилтэд тавих хяналтын хэлбэрүүдийг тусгаж, хяналтын аль ч шатанд шаардлагатай гэж үзвэл төсвийн хяналтын сонсгол зохион байгуулахаар, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын төсвийн хяналт шинжилгээний нэгж Улсын Их Хурал төсвийн хяналтаа хэрэгжүүлэхэд шаардлагатай хараат бус, бодит мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллахаар тус тус тусгасан;
Хяналтын сонсголын хувьд 1) хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол; 2) төсвийн хяналтын сонсгол; 3) ерөнхий хяналтын сонсгол; 4) нэр дэвшигчийн сонсгол гэсэн үндсэн 4 төрөлтэй байхаар төсөлд тусгасан. Онцлог зохицуулалт нь эдгээр хяналтын сонсголыг Улсын Их Хурлын 9-өөс доошгүй гишүүн, Байнгын, дэд, түр хорооны нийт гишүүний олонх, эсхүл цөөнхийн бүлэг хүсэлт гаргаснаар болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын, дэд, түр хэлэлцэн хүлээн авснаар эдгээр сонсголыг зохион байгуулж, явуулахаар хуульчилсан;

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлаарх үнэн, бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгож, иргэний мэдэх эрхийг хангана. Тодруулбал, олон улсын парламентын үйл ажиллагаанд нэгэнт жишиг болон тогтсон “investigation hearing” буюу “мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх” замаар тухайн асуудалд холбогдох албан тушаалтан, гэрч, шинжээчийг Улсын Их Хурал дээр дуудаж тайлбар, мэдүүлэг авах, тусгай шинжээч, хянан шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, бодит мэдээллийг ард түмэнд ил тод болгох маш чухал ач холбогдолтой юм. Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлэх нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй төлөөллийг хангаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах замаар иргэний мэдэх эрхийг бодитоор хангана.

Түр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөллийг хувь тэнцүүлэх оролцуулах, Улсын Их Хурал дахь нам, эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална. Хянан шалгах түр хороонд орох гишүүнээ нам, эвслийн бүлэг өөрөө томилж, чөлөөлөх эрхтэй. Хянан шалгах түр хороо нь шинжээч томилох; гэрчээр дуудан ирүүлэх; гэрч, шинжээчээс мэдүүлэг авах; нотлох баримт гаргуулах; газар дээр нь очиж шалгах; бичиг баримтын дүн шинжилгээ хийх зэрэг хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүгээрээ хяналтын төсөөтэй арга хэлбэрээс илүү эрх мэдэлтэй, онцлогтой.

Хянан шалгах түр хороо нь нийтийн сонсгол хийх замаар гэрч, шинжээчээр дуудаж мэдүүлэг, тайлбар сонсох, баримт, мэдээллийг цуглуулж авахаа шийдвэрлэх бөгөөд Ерөнхий сайд, сайдаас асуулт асууж, хариулт авч болно. Түр хороо ямар гэрчээс мэдүүлэг авах, хэнийг шинжээчээр томилох, ямар баримт авах, хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад уруулсан зөрчилд хариуцлага тооцох эсэхтэй холбоотой тодорхой эрх эдэлнэ. Хянан шалгах түр хорооны ажлын үр дүнд дүгнэлт, зөвлөмжийг багтаасан тайлан гаргаж хэвлэн нийтлэх бөгөөд Улсын Их Хуралд танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус тусгасан.