УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.12\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ.
ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.
Хуулийн төслийг дээрх нэр бүхий гишүүдээс гадна Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр, Н.Энхболд нар хамтран санаачилжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлах зохицуулалтыг тодорхойлсон. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн улсын төсөв, төсвийн гүйцэтгэлийг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д нийцэж байгаа эсэх, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхдээ зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн хэдэн хувьд хүрсэн, хоорондын уялдаа холбоо хэрхэн хангагдаж байгааг тайлагнах тайлагналтын нэгдсэн систем бий болгох, парламентын хяналт шалгалтад хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага, хөндлөнгийн шинжээч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн хараат бус байдлыг сайжруулах, хараат бус, бодит мэдээлэлд тулгуурлах, авлига, ашиг сонирхол, хүнд суртлаас ангид, хариуцлагатай гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд хариуцлага, сахилгыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага бий болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог...” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулжээ.