Ц.Мөнхцэцэг: Олон улсын жишгээр парламентын шүүхийн дайтай ажиллана
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.07/ нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Засаглалын институт хооронд хяналт тэнцэл байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг бид өргөжүүлсэн. Тийм учраас Хяналт шалгалтын хуулиар урьд өмнө байгаагүй цоо шинэ хяналтын механизмыг оруулж ирж байгаа. Тухайлбал энэ хуулийн дэвшилтэд тал нь бол хүний эрхийг хангах чиглэлээр иргэд, хуулийн этгээдүүд иргэний нийгэм байгууллагын санаачлагаар ерөнхий хяналтын болон хүний эрхийн хяналтын сонсголууд явуулна. Монгол Улс дахь хууль тогтоомжуудын хэрэгжилт, хүний эрхийн зөрчил удаа дараа гарч ирсэн. Тэр тал дээр УИХ-аас онцгойлон анхаарч, энэ удаагийн хаврын чуулганаар хүний эрхийг хангах гол хуулиудыг батлан гаргасан. Түүний нэг нь Хяналт шалгалтын тухай хууль орсон. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр иргэд, иргэний байгууллагууд тухайн Байнгын хороонд хүсэлт тавина эсвэл тав хүртэл УИХ-ын гишүүн энэ асуудлаар хяналт, шалгалт явуулах хүсэлт гаргавал хяналтын сонсгол хийхээр байна.
Мөн Олон улсын жишгээр хяналтын түр хороо гэдэг мөрдөн шалгах түр хороог байгуулна. Энэ байгууллага бол нийтийн ашиг сонирхол бүхий томоохон асуудлуудаар хяналт, шалгалт явуулна. Уг түр хорооны бүрэн эрх, нотлох болон гэрчийг дуудах, шинжээч томилох гэх мэт Олон улсын жишгээр парламентын шүүхийн дайтай ажиллах юм. Тийм учраас иргэдийн дунд удаа дараагийн хүлээлэлт үүсгэсэн шийдэгдээгүй байгаа томоохон хэргүүд, ноцтой анхаарал татсан асуудлуудыг тухай бүрт нь хянан шалгах хороо байгуулаад ажиллах боломжтой байгаа. Энэ хянан шалгах хороонд манай цөөнхийн төлөөлөл өндөр үүрэгтэй оролцоно. Олон улсын жишгээр хянан шалгах үйл ажиллагаа, түүний зохицуулалт, хянан шалгалтын үр дүн маш өндөр түвшинд хийгдэнэ гэдгээр энэ хууль маш чухал болж байгаа. Тиймээс УИХ-ын хянан шалгалт, засаглал хоорондын тэнцвэрийг хангахад энэ хууль томоохон дэвшил авчирна гэдэгт хууль санаачлагч гишүүд бид итгэлтэй байгаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn