Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийж байна
2023.05.09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэл хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа болон тус яамны газрын дарга нар банк санхүү, уул уурхай, барилга, хүнс, эрүүл мэнд, үйлчилгээний салбарын хүний нөөцийн мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд дэлхий дахин, улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар танилцуулж ажиллах хүчин, цалин хөлс, боловсон хүчний бодлогын талаар ярилцлаа.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд нэг сая 125 мянган хүн ажиллаж байгаагийн 22 хувь нь төрийн албанд, 74 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улсад дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс хамааралтай байгаа бөгөөд цаашид зохистой харьцааг бий болгохын тулд хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой ажлыг төрөөс гаргах, төрийн албаны цалингийн нэгдсэн сүлжээг үр дүн, гүйцэтгэлд суурилан шинэчлэх, үндсэн цалин, бүтээмжийн урамшууллыг оновчтой болгох зэрэг бодлого баримталж буйг Ерөнхий сайд ярив.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа цалин хөлсний бүтцийн шинэчлэлийн хүрээнд 2022 онд төрийн албаны 222 ялгаатай цалинг 53 болгож бууруулсан, төрд ажилласан жил бүрийг нэг хувиар тооцож нэмэгдэл олгон, орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувь олгодог болоод байна. Цаашид төрийн албан хаагчдын цалингийн ялгааг арилгах, цалин хөлсөнд эзлэх нэмэгдлийн хэмжээг хязгаарлах, төрийн үйлчилгээний албыг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжүүлэх, цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгаа гэлээ. Засгийн газар 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлж 26,2 мянган иргэнийг ажлын байранд зуучилсан бол 2023 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.

Хүний нөөцийн салбарынхан Монгол төдийгүй дэлхий дахинд ажиллах хүчний хомсдол үүсээд буй тул алсыг харсан тогтвортой, цогц бодлого барьж төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай байна гэв. Цалин хөлс нэмэх зүй ёсны шаардлага байгаа ч бүтээмжид суурилсан байх, зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх, бэлтгэж буй мэргэжилтний чадвар, хандлага төлөвшилд анхаарах бодлого хэрэгтэй байгааг онцоллоо.

"Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Цалин нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаадаас ажиллах хүчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөр өндөр байгаад анхаармаар байна.

"HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагуудад ажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Мөн чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөрт оруулж өгмөөр байна.

"Макс" группийн Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байранд чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн ур чадварыг сайжруулмаар байна. Ажлын байр олноор бий болгосон баялаг бүтээгчдээ бодлогоор дэмжмээр байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Төрийн албан хаагчдын болон цалингийн доод хэмжээг нэмэхийг нийгмийн баялгийн тэгш хуваарилалт илүү явагдана гэдэг утгаараа дэмжиж байна. Гэхдээ хувийн хэвшилд ирэх сөрөг үр дагаврыг нь бууруулъя гэвэл үүнийг бүтээмжтэй уях нь зөв. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цалин нэмэхэд гол асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл байдаг.

Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр залуу ажиллах хүчний хомсдол үүссэн. Цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон. Үүнд бодлоготой хандах хэрэгтэй байна гэлээ.

"Витафит" группийн хүний нөөцийн захирал А.Дэлгэрмөнх: Анх удаа Ерөнхий сайдтай өглөөний уулзалтад орж байна. 10 жилийн өмнө Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөр хэрэгжүүлж, тэр үед ур чадвартай, өндөр боловсролтой, туршлагатай хүний эрэлд явж байсан бол өнөөдөр ерөөсөө л хүний эрэлд явж байна. Ялангуяа, инженер техникийн мэргэжилтэн ховор байна. Хүнсний салбарт энэ жил механик инженер, тоног төхөөрөмжийн инженерийн төгсөгч байхгүй, сүүлийн дөрвөн жилд сантехникийн инженерийн төгсөгч байхгүй байх жишээтэй. Төрийн бодлого энд хэрэгтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан дэлхий дахинд ковид, дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн шок бий болж улс орнууд инфляциас үүдэн цалин хөлсний сорилттой тулаад байна. Манай улсын хувьд ч ялгаагүй. Засгийн газраас бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалингийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн салбарт цалингийн шинэчлэлийг өнгөрсөн жил эхлүүлсэн бол энэ жил боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлж явж байна. Хэрэгжүүлэх явцад зарим тохируулга хийх шаардлага үүсэж байгааг хэллээ.

Уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэн судалж, хамтран ажиллахаар болов.