НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэтэй уулзлаа
2023.05.08

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэтэй уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Кристоф Бауэтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич болон Засаглалын хөтөлбөрийн шинжээч Л.Бархас, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганболд, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн зэрэг холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шинэчлэлийн болон бусад чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал солилцлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл”, “Ковид-19-ын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, салбар хоорондын уялдаатай, хүртээмжтэй хариу арга хэмжээг дэмжих төсөл”, “Монгол Улсад тогтвортой хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх нь” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.