Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2022.11.30) Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, улсын онц чухал болон бусад обьектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “Мэргэшсэн, тогтвортой байх” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалт хангагдах юм.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг шинээр тусгасан аж.
Нэг.Дотоодын цэргийн тогтолцоо, алба хаагчийн эрх зүйн байдал:
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын цэргийн тогтолцоо, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах орчин нөхцөл бүрдэж, улсын онц чухал обьектын хамгаалалтын үйл ажиллагаа болон бусад чиг үүргийн хэрэгжилт сайжирна гэж үзжээ. Тухайлбал:
1.Дотоодын цэргийг “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн.” гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан.
2.Дотоодын цэргийн штабыг Дотоодын цэргийг удирдах мэргэжлийн төв байгууллага болгон, штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад, эсхүл тухайн 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, Дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгасан.
3.Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтад заасан “Хот, суурин дотор такси үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих;” гэж, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно;” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална.” гэж заасан нийгмийн баталгааг Дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгосон.
4.Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглож, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын нэгэн адил алба хаасан хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор хуулийн төслийг боловсруулсан.
Хоёр.Хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт:
1.Улсын онц чухал обьектод үүссэн цагийн байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч хэрэгсэл дайчлах, обьектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, инженер, техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг бий болгоно.
2.Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, шаардлагатай тохиолдолд улсын онц чухал обьектоос бусад обьектыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
3.Улсын онц чухал обьектын хамгаалалтад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгахад баримтлах Цагдаагийн албаны тухай хуульд заасан үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг нэмж тусган, гаргасан зөрчлийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мөрдөх журам, зарчмыг нэмж тусган, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллалтад шилжүүлэх зохицуулалтыг бий болгосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn