Дотоодын цэргийн тухай төслийг өргөн барилаа
2016.12.23

Дотоодын цэргийн тухай төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид өнөөдөр /2016.12.22/ Дотоодын цэргийн тухай төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Дотоодын цэргийг цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал обьектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дотоодын бусад үймээн самууны үед иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 40 зүйлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд, Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 1 тогтоолын төслийг тус тус боловсруулсан байна.