Ж.Энхбаяр: Дотоодын цэрэг байгуулах нь зүйтэй. Гэхдээ...
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дотоод цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр уг хуулийн төслийн үзэл баримтлалд хуулийн төслийг боловсруулах зорилго, үндэслэлийг сайн тусгасан ч хуулийн төсөлд тусгагдаагүй, нарийвчлан тусгах шаардлагатай зүйлс байгааг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан судалгааны ажил хийлгэсэн юм. Хууль сахиулах их сургуулийн Хууль сахиулах удирдлагын академи, Батлан хамгаалах их сургуулийн Удирдлагын академийн эрдэмтэд тэргүүтэй улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, эрх зүйн орчин, хөгжлийн чиг хандлага, төрийн цэргийн байгууллагын тогтолцооны асуудлаар судалгаа хийдэг тэргүүлэх зэргийн судлаачдыг урьж, хуулийн төслийг хэлэлцүүлсэн болно.
Дотоодын цэрэг байх нь зүйтэй гэдэг дээр мэргэжлийн судлаачид үгээ хэлж, зөвлөмж гаргасан. Хуулийн төсөл дээр нухацтай ажиллах шаардлага тулгарсан. Уг хуулийн төсөл нь УИХ-аас баталсан Батлан хамгаалах үзэл баримтлал, Батлан хамгаалах багц хуультай нягт уялдах ёстой. Монголын төр Батлан хамгаалах салбарт баримтлах бодлогоо тодорхойлчихсон гэсэн үг. Бодлогод нийцэж, салбарын хуулиуд гарах учиртай.
Дотоодын цэргийн эрх зүйн тодорхойлолтоос эхлээд үндсэн чиг үүрэг, удирдлага, бүтэц зохион байгуулалт гээд олон зүйлийг цэргийн албан хаагчтай адилхан зарчмаар тогтоож өгөх шаардлагатай. Гэтэл Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд эдгээр агуулга бүдэг бадаг буюу бүрэн тусгаж чадсангүй. Нэгэнт цэргийн асуудал ярьж байгаа тохиолдолд цэргийн эрх зүйн байдлыг баталгаажуулах ёстой.
Уг хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан дотоодын цэргийг сэргээн байгуулах зорилго, түүний чиг үүргийг тайлбарласан санаа нь өөрөө хуулийн төсөлд тусгагдаагүй, өөрөөр томьёологдсон, өөр хоорондоо зөрчилдсөн зүйл заалт нилээдгүй байна. Иргэний ардчилсан нийгэмд байж боломгүй хуулиар хориглодог үүргүүдийг хугацаат цэргийн албан хаагч гүйцэтгэдэг байхаар оруулж иржээ. Түүнийг онцгой анхаарч, эргэн харах ёстой.
Өнөөдрийн цаг үеийн шаардлага бол 1990-ээд оны өмнөх дотоодын цэрэг биш. Дотоодын цэргийн гүйцэтгэдэг үндсэн үүргээс гадна нэг жил цэргийн алба хаасан цэргийг дотоодын цэргээр ажиллуулж, үүрэг гүйцэтгүүлэх нь маш их учир дутагдалтай.
Терроризмтой тэмцэх, авран туслах ажиллагаа зохион байгуулах, улсын онц, чухал обьектын харуул хамгаалалт гээд гүйцэтгэх үүрэг олон бий. Хуулийн төсөлд Тахарын албаны чиг үүргийг нилээдгүй тусгасан байна. Энэ мэтчилэн дотоодын цэргийн чиг үүргийг нарийвчлан тодорхой тусгахгүй юм бол ихээхэн маргаан дагуулна шүү, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт оо!
Дахин хэлэхэд, уг хуулийн төсөлд иргэний ардчилсан нийгэмд байж болохгүй олон заалт оруулсан байна. Хугацаат цэргийн албан хаагч терроризмтой тэмцэх боломжгүй. Дотоодын цэрэг өөрөө өндөр мэргэшсэн байдалд суурилах ёстой буюу ахлагчийн мэргэшсэн алба байх ёстой. Тэгж байж терроризмтой тэмцэнэ шүү дээ. Ингэж байж хуулийн төслийн зорилго хангагдана.
Дотоодын цэрэг бол Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байх нь зүйтэй. Гэхдээ цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд байх уу эсвэл бие даасан байдалд оршин тогтнох уу гэдгээ сайтар бодолцох ёстой. Батлан хамгаалах бодлогод хилийн ба дотоодын цэрэг гэсэн нэр томьёо орсон. Гэтэл орж ирсэн хуулийн төсөлд салбарын бодлоготой зөрчилдөж байна.
Уг хуулийн төслийн ажлын хэсэгт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдээс оруулах ёстой. Нэгэнт цэргийн эрх зүйн асуудлыг зохицуулах гэж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн үүрэг хоорондоо давхацсан байгаа нь тодорхой болж байна.
Цагдаагийн гүйцэтгэх үүргийг дотоодын цэрэг, хугацаат цэргийн албан хаагчаар яагаад ч гүйцэтгүүлж болохгүй. Эдгээр албаны чиг үүргийг ангилж, ялгаж салгах ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдал бидэнд томоохон сорилт байсан. Тэр үед эдгээр байгууллагыг удирдаж байсан хүмүүс цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж ял авсан. Энэ нь зохицуулалтгүй олон зүйл байгааг харуулж байна.
Онцгой байдлын тухай хуулийг шинэчлэх шаардлага бий. Энэ хуулийг яаралтай шинэчилж, цагдаа, хилийн цэрэг, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин ямар эрх үүрэгтэй оролцох вэ гэдгийг зааглаж өгөхгүй бол холион бантан болох зүйл нилээдгүй байна. Тиймээс дотоодын цэрэг байгуулах нь зүйтэй гэдгийг дэмжиж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоог хангах замаар уг хуулийн төслийг улам боловсронгуй болгох шаардлагатай.