УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.20

Ц.Даваасүрэн: Дотоодын цэргийн анги шинээр байгуулахад хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дотоод цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль санаачлагч, ажлын хэсгээс хоёр асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Хоёр зүйл тодруулья. Дотоодын цэргийн цагдаагаас ялгаатай нь байнгын бэлэн байдалд байдаг гэж ойлгож байна. Дотоодын цэргийн анги, нэгтгэлтэй болохын тулд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай вэ? Тэр хэмжээний хөрөнгө мөнгийг 2017 оны төсвийн тодотголоор  суулгах уу, 2018 оны төсөвт суулгах уу?

Хуулийн төслийн 6,1,2 дахь хэсэгт 10,1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байна. Гэтэл 10,1-д туг, далбаа... гэсэн байх юм. 11,1-д заасан гэж байх ёстой юм биш үү? Техникийн алдаа гарав уу?

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Дотоодын цэрэг анх 1922 онд байгуулагдсан. Үүнээс хойш 2013 он хүртэлх хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Энэ хугацаанд өөрийн материаллаг бааз, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж нь нилээд бэхжсэн, олон жилийн түүхтэй байгууллага.

Дотоодын цэрэг татан буугдсантай холбогдуулан дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг бүгд цагдаагийн байгууллага руу шилжсэн байдаг. Гэхдээ одоо дотоодын цэрэг гэж албан ёсны байгууллага байхгүй болохоос биш боловсон хүчин, материаллаг бааз, техник тоног төхөөрөмж, байр бүгд бий. Орбитын дотоодын цэргийн ангиас эхлээд цэргийн ангиуд байгаа.

Тийм учраас Дотоодын цэргийн хууль батлагдаж, үндсэн чиг үүргээ хуулийн дагуу гүйцэтгэдэг болсон тохиолдолд цагдаагийн байгууллага руу шилжсэн 1100 орчим албан хаагчийг буцаад дотоодын цэрэг рүү шилжүүлнэ. Цаашид шинээр дөрвөн рот байгуулах, түүнтэй холбоотой албан тушаалтныг томилох, хугацаат цэргийн албан хаагчдыг авна. Тиймээс ирэх жилийн төсөвт тодорхой хөрөнгө суулгах шаардлага гарна.

Хуулийн төслийн гуравдугаар бүлгийн 11 дүгээр зүйлд Дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг гээд тодорхой заалтууд бий. 11 гэдгийг 10 гэж бичсэн нь техникийн алдаа болсон байх. 11 дүгээр зүйлд улсын онц чухал обьектийг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, аюулт үзэгдэл, гамшиг, аврах ажиллагаа, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох гэх зэргээр дотоодын цэргийн үндсэн чиг үүргийг тодорхой тусгасан.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ө.Энхтөр:

Шинээр дөрвөн ротод шинээр 58 офицер, ахлагч авах зайлшгүй шаардлага бий. Дөрвөн рот байгуулахад 650 сая төгрөгийн зардал гарна гэж тооцоолсон. Нэгэнт рот байгуулж, албан хаагчтай болсон тохиолдолд хувцас, хоолны зэрэг зардал нэмэгдэнэ. Хувцасны зардалд 600 цэрэг байна гэж тооцвол 1 тэрбум 80 төгрөг шаардлагатай. Хоолны зардалд 1 тэрбум 40 сая төгрөг, бусад зардалд 360 сая төгрөгийн зардал гарна гэж тооцоолоод байна.