О.Баасанхүү: Дүрвэгсэд, хил зөрчсөн энгийн иргэдийг яаж зохицуулах вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дотоод цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хөршөөс олон тооны дүрвэгсэд, хил зөрчсөн иргэд Монгол Улсад орж ирсэн тохиолдолд дотоодын цэрэг туслалцаа үзүүлэх боломжтой эсэх асуудлыг хууль санаачлагчаас тодруулсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
"Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Өмнөх парламентын түвшинд дотоодын цэргийг эргэн сэргээх талаар асуудлыг гаргаж тавьсан. Учир нь ОХУ, БНХАУ-ын дунд оршдогийн хувьд тэдгээр улсад болсон үймээн, самууны улмаас манай улсад тодорхой тооны иргэд ороод ирвэл яах вэ гэдэг дээр эргэлзээтэй асуудал үүсдэг.
Тухайн үед УИХ-ын гишүүн М.Батчимэг ийм асуудал гарвал цагдаа очоод зохицуулчихна гэж хэлээд бид хоёр маргаж байсан удаа бий. Үймээн самуун бол нэгдүгээр асуудал биш гэж бодоход дүрвэгчид, ажиллах хүч зэргээр гадаад улсын иргэд Монгол Улсын хилээр олноор орж ирэх үед уг асуудлыг яаж зохицуулах талаар хуулийн төсөлдөө тусгасан уу? Хэрэв энэ талаар тусгаагүй бол оруулаач гэсэн хүсэлт тавьж байна.
Хуулийн төсөлд, улсын онц, чухал обьектийг хамгаалах гэж оруулсан байна. Төрийн ордон бол улсын онцгой обьект. Тэгвэл УИХ-ын сонгуулийн үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК нь улсын онцгой обьект гээд тусгай хамгаалалт гарчихсан УИХ-ын гишүүн миний бие болоод сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй гээд асуудал үүсгэж байсан. Тухайн үед Эрэднэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой мэдээлэл нь гадагш задрах вий гээд хамгаалалт гаргасан байсан бололтой.
Цахилгаан станцууд, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг төрийн өмчит компаниуд улсын онц, чухал обьектод хамаарах уу? Эдгээр обьектийг дотоодын цэрэг хамгаалах уу? Дорнод аймгийн Петро Чайна Дайчин Тамсаг компани дээр Монголын цагдаа ажиллаад байдаг юм уу, компанийн хувийн цагдаа ажиллаад байдаг юм уу?
Харахад цагдаа хувцастай. Үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль, журмаар зохицуулагдаад байдаг. “Цэрэгжсэн цагдаа” гэдэг ойлголт цагдаагийн байгууллагад уу, дотоодын цэрэгт хамаарах уу? Ялангуяа Петро Чайна Дайчин Тамсаг компанийн хамгаалалт бол тусдаа вант улс болсон байна гэж ярьдаг. Тиймээс “цэрэгжсэн цагдаа” гэсэн энэ нэр томьёо, ойлголтыг дотоодын цэрэгт эсвэл цагдаагийн байгууллагад нь хамааруул. Цэрэгжсэн цагдаа гэдэг нь олон нийтийн цагдаагаас арай өөр ойлголт юм шиг байгаа юм.
Хагас цэрэгжсэн байдалтай онцгой үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бид бүгд ойлгож байна. Гэхдээ хамгийн гол нь Цагдаагийн албаны болоод Дотоодын цэргийн тухай хуулийн төслүүдийг зэрэг хэлэлцэж байгаа болохоор цэрэгжсэн цагдааг аль нэг талд нь оруулах ёстой."
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Дүрвэгсэд болон хил зөрчиж орж ирж буй энгийн иргэдийг хилийн цэрэг, Хил хамгаалах байгууллага хариуцах чиг үүрэгтэй. Тусгайлсан хуультай. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин бол дайн байлдааны нөхцөлд, гаднаас цэрэгжин довтлох үед үүрэг гүйцэтгэнэ.
Дайны байдал үүссэн тохиолдолд хилийн цэрэг, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг нь нэгдсэн удирдлагад орж ажиллана гэж батлан хамгаалахын баримт бичигт тусгасан байдаг. Хил зөрчсөн иргэдийн асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Гадаадын иргэн, харьяатын газар хариуцдаг.
Улсын онц, чухал обьектийн тоонд Төрийн ордноос эхлээд телевиз, радио, цахилгаан станцууд, усан сан, гүний худгууд зэрэг ордог бөгөөд эдгээр обьектийн жагсаалтыг Засгийн газар баталдаг. Петро Чайна Дачин Дамсагийн хувьд цэрэгжсэн цагдаа биш гэрээт цагдаа хамгаалалтад орж байгаа. Хэрэв уг компанийг улсын онц, чухал обьект гэж Засгийн газраас баталсан тохиолдолд дотоодын цэрэг хамгаалах юм.
Тодруулга: УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хятад бол дэлхийн хамгийн олон хүн амтай улс. ОХУ ч бас олон хүн амтай. Эдгээр улсаас хэдэн арван мянган хүн алхаад ороод ирэхэд хилийн цэрэг дийлэхгүй. Батлан хамгаалах, зэвсэгт хүчин оролцох юм бол дайн бүхий нөхцөл байдал үүссэн юм шиг сэтгэгдэл төрнө.
1920, 1930 онуудад ч Монгол Улсын олон зуун иргэд гадаад улс руу дүрвэсэн байдаг. Энэ мэт байдлыг Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй гэж бодож байна.
Шаардлагатай тохиолдолд онц их хэмжээний дүрвэгсэд орж ирвэл хилийн цэрэгт дотоодын цэрэг туслалцаа үзүүлнэ гэсэн агуулга оруулахгүй бол хилийн цэрэг дангаараа дийлэхгүй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
Хуулийн төслийн 11 дүгээр зүйлд Дотоод цэргийн үндсэн чиг үүргүүдийн зааж өгсөн. Үүн дотор нийтийг хамарсан үймээн самууныг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь цагдаагийн байгууллага хүч хүрэхгүй тохиолдолд дотоодын цэрэг дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Мөн хилийн цэрэгт хил хамгаалахад дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт ч орсон.