О.Баасанхүү: Дотоодын цэрэг цагдаагийн удирдлага дор байх нь буруу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү дотоодын цэргийг бие даасан статустай байгууллага болгож, Хууль зүй, дотоод хэргийн харьяанд оруулах тухай санал дэвшүүлсэн юм.
УИХ-ын О.Баасанхүү:
Дотоодын цэрэг цагдаагийн удирдлага дор байх нь буруу. Хууль зүй, дотоод хэрэг гэсэн нэршил байгаа бол, дотоод хэрэг гэдэг асуудал яримаар байгаа бол бие даасан нэгж болж, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага дор байх ёстой юм биш үү?
Цагдаагийн генерал гэсэн цолтой боллоо. Тэгвэл оруулж ирж байгаа төсөл ёсоор бол цагдаагийн генерал нь цагдаагийн болон дотоодын цэргийн генерал болох уу? Хоёр вагон зүүнэ гэсэн үг үү? Нэг мөрөн дээрээ цагдаагийн генерал, нөгөө мөрөн дээрээ дотоодын цэргийн генерал зүүх үү? Эсвэл генерал цолтой хүмүүсээ Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, хурандаа болгочих юм уу?
Ний нуугүй хэлэхэд, гадаадын зочид төлөөлөгчид айлчлахад мөрдөн байцаагчид хавтаст хэргээ хаяад хамгаалалтад гардаг. Нэгэнт дотоодын цэрэгтэй болж байгаа бол үүнийг зохицуулах боломж хэр байдаг вэ?
Мөрдөн байцаагч бол прокурорт туслах чиг үүрэгтэй болохоос биш нарийн яривал цагдаа биш. Дэлхийн жишиг ийм л байдаг. Цагдаагийн байгууллага бол нийгмийн хэв журмыг зохицуулж, гэмт хэрэг гарсан газрыг хамгаалалтад авч, гэм буруутай эсэхийг прокурор тогтоож, шүүх эцсийн шийдвэр гаргадаг. Хэрэв хэв журмын цагдаа ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл дотоодын цэргийн албан хаагчид хамгаалалтад гарах боломж хэр байдаг бол?
Зэвсэг, техник хэрэгслийг ашиглахдаа яах вэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Цагдаагийн албан хаагч бол шууд буудах эрхтэй. Долдугаар сарын сарын 1-ний үймээнээр бол цагдаа буудсан уу, дотоодын цэрэг буудсан уу гэж маргасаар цагдаагийн хэдэн дарга нарт ял өгсөн шүү дээ.
Яагаад цагдаагийн дарга нарт ял өгсөн гэхээр цагдаагийн байгууллагын дарга нь дотоодын цэргийг давхар даргалдаг учраас цагдаа юу, дотоодын цэрэг үү хамаагүй тухайн үед цагдаагийн генералд хүчээр шахуу ял ногдуулсан байдаг.
Одоо нэг асуудлыг нэг мөр шийдэхгүй юм бол Цагдаагийн газрын дарга нь Дотоодын цэргийн даргатай адил гэж үзээд давхар үүрэг өгөх нөхцөл байдал үүсэх нь гэж харагдаад байна. Ерөнхийлөгч бол бүх цэргийн командлагч гэдгээрээ статус нь өөр. Тиймээс энэ жишгийг өөрчлөх боломж бий юу?
Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг боловсронгуй болгохгүй юм бол дотоодын цэрэг бий боллоо гэдэг бодит байдалд маргаан дагуулах асуудал олон гарч ирнэ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:
Ажлын хэсгийн олонх гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд бие даасан статустай байгууллага байх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг тал талаас нь ярьж байгаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар нь дэмжигдэж, чуулганы хуралдаанд хэлэлцүүлж байгаа юм.
Оруулж ирсэн төсөлд 38 зарчмын зөрүүтэй санал оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Энэ 38 зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр хуулийн төсөл сайжирна гэж бодож байна. Тодорхой санал байгаа бол хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр ярилцаж болох юм. Гэхдээ үндсэн зарчмыг өөрчлөх аргагүй.