УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан мэндчилгээ дэвшүүллээ
Өсөж төрсөн өндөр Алтай нутаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын мэндийг нийт Алтайчууддаа өргөн дэвшүүлье.
Нарлаг өндөр Алтайн уулсын дунд орших Алтай хот маань эдүүгээгээс 80 жилийн тэртээ 127 өрх, 374 хүн амтай байгуулагдаж байсан түүхтэй билээ. Улмаар 80 жилийнхээ ойн босгон дээр монгол орныхоо баруун хязгаарт өндөр Алтай нутгийнхаа цохилох зүрх, лугших судас нь болон хөгжин цэцэглэж байна.
Өнөөдөр Есөнбулаг сум буюу Алтай хотод маань 6000 орчим өрхийн 20 гаруй мянган хүн амьдарч, өргөжин тэлсээр байна.
Алтай хот өнөөгийн есөнбулаг суманд миний бие ачит эхээсээ мэндэлсэн, Алтай хотын унаган иргэн билээ.
Алтай хотынхоо нийт иргэддээ түүхт 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, Хантайширын нуруу шигээ төвшин сайхан, хүн зоны амьдрал ахуй тэгширсэн, өгөөжтэй хот болохын ерөөл өргөе.
Нөмөр нөөлөгтэй ээлтэй дулаахан нутаг минь өдрөөс өдөрт өргөжин жавхаажих болтугай.