“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форум боллоо
2022.02.17

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форум боллоо

Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форумыг зохион байгууллаа. Тус сүлжээ нь манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн зэрэг олон талт дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

Форумаар улс төрийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд үзүүлж буй үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг арилгах шийдлийн талаар хэлэлцсэн юм.

“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Мөнгө ба төлөөлөл” сэдэвт форум боллоо

Улс төр дэх жиндэрийн тэгш бус байдал нь дэлхийн дахинаа хурцадмал асуудал болсон хэвээр. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй санхүүгийн хүндрэл нь улс төр, эдийн засгийн тэгш бус байдалд нөлөөлж, шийдвэр гаргах түвшинд ч асуудал үүсгэж байна.

Эмэгтэйчүүд Үндсэн хуульд зааснаар улс төрийн сонгуульд нэр дэвших, өрсөлдөх эрхтэй. Гэвч намаасаа нэр дэвших эрхээ олж авахын тулд маш их хэмжээний мөнгөн зарлага гаргах шаардлага үүсдэг. Харин зарим улс оронд мөнгөний асуудал, хандив зэргийг хуулийн хүрээнд зохицуулж шийддэг болсон. Дэлхийн 30 гаруй улс орон ямар нэгэн байдлаар жендэрийг дэмжсэн төрийн санхүүжилтийг улс төрийн намууддаа олгодог аж. Харин санхүүжилтийн арга хэлбэрүүд нь өөр өөрийн онцлогтой. Түүнчлэн намуудад олгох санхүүжилтийн хэмжээ ч харилцан адилгүй байдаг. Иймд санхүүжилтийн төрлүүдийг нарийвчлан танилцууллаа.

Үүнд:

Шаардлагад суурилсан санхүүжилт

Босни Герцеговин, Колумб, Мали, Нигер, Того, Украин, Кени зэрэг улсууд “Шаардлагад суурилсан санхүүжилт”-ийн төрлийг сонгож авсан байдаг. Гэхдээ улс орон бүр харилцан адилгүй. Кенид гэхэд намын дотоод албан тушаалд хүйсийн тэнцвэрийн тодорхой босго хангасан намд төрөөс санхүүжилт авах эрх үүсдэг. Ингэхдээ тухайн намын дотоод албан тушаалын гуравны нэгийг эмэгтэйчүүд хашдаг бол л төр санхүүжилт олгодог. Харин дээр дурдсан эхний зургаан улсын хувьд нэр дэвшигчдийн дунд хүйсийн босго харьцааг барьж чадсан бол төрөөс санхүүжилт авах эрх үүснэ. Ингэхдээ төрөөс олгох нийт санхүүжилтийн 10 хувийг эмэгтэй нэр дэвшигчдийн тоотой хувь тэнцүүлэн олгодог байна.

Хуваарилалтад суурилсан санхүүжилт

Энэ төрлийн санхүүжилтийг хамгийн олон улсад хэрэглэдэг. Гэхдээ хэв шинж нь харилцан адилгүй. Чили, Хорват, Этиоп, Папуа Шинэ Гвийней, БНСУ, Румын, Соломоны Арлуудад эмэгтэй нэр дэвшигчдийн тоогоор тогтмол хэмжээтэй мөнгө нэмж авдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшүүлсэн, сонгогдсон эмэгтэй бүрийн тоогоор 1000 доллартай тэнцэх нэмэлт санхүүжилт олгодог байна. Харин Кабо Вэрде, Гүрж, Гаити, Молдав зэрэг улсад нэр дэвшигчид хүйсийн тэнцвэр хангасан эсэхтэй уялдуулан нэмэлт санхүүжилт олгох хувилбарыг хэрэглэдэг. Энгийнээр тайлбарлавал, 30 хувийн эмэгтэй нэр дэвшигчтэй нам нэмэлт 10 хувийн санхүүжилтийг төрөөс авдаг байна. Тэгвэл хүйсийн тэнцвэрийн босго хангаагүй бол төрийн санхүүжилтийн хэмжээг бууруулдаг улс орнууд ч бий. Албани, Буркино Фасо, Франц, Гондурас, Ирланд, Итали, Португал улсад улс төрийн намаас нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 30 хувьд хүрээгүй бол санхүүжилтийг нь шууд 20 хувиар хасаж олгодог байна.

Нөхцөлт санхүүжилт

Улс төрийн намуудад тодорхой нөхцөл тавьж, санхүүжилт олгох хувилбарыг өдгөө дэлхийн 12 улс хэрэглэж байна. Төрөөс олгох мөнгөний тодорхой хэсгийг жендэртэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах нөхцөл зааж намуудад санхүүжилт олгодог аж. Бразил, Чили, Колумб, Коста Рика, Финланд, Гондурас, Ирланд, Итали, Кени, Мексик, Панам, БНСУ зэрэг оронд ашигладаг бөгөөд төрийн санхүүжилтийн 15 хувийг хүйсийн тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах үүргийг намууд нь хүлээдэг аж.