Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр долоон хөтөлбөр баталжээ
2022.02.11

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр долоон хөтөлбөр баталжээ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар одоо хэрэгжиж буй төслүүдийн талаар хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ.

Үүнд: Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн танилцуулга, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн танилцуулга, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл, ЖАЙКА-ын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”ийн танилцуулга, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон хөтөлбөрүүд”-ийн 2021 оны гүйцэтгэл, 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд” болон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны төсвийн хуваарь”-ийн танилцуулга зэргийг хийжээ.

Тус зөвлөлд Засгийн газрыг төлөөлж ХНХЯ, Ажил олгогчдыг төлөөлж МАОЭНХ, МҮЭ-ийн холбоог төлөөлж дэд ерөнхийлөгч Б.Рагчаа, ХХААБОАҮЭХ-ны дарга О.Гантуяа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар ажилладаг юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн хуваарийн төслийг хэлэлцээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлахаар зөвлөмж гаргалаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилтийг орон нутгийн онцлогт нийцүүлэн хуваарилж, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, төсвийн гүйцэтгэлийг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт даалгалаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2022-2023 онд хэрэгжүүлэх “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”, “Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байр хөтөлбөр”, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” гэсэн долоон хөтөлбөр баталлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт, хэрэгжилтийг хангаж, хөтөлбөрийн үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт тус тус даалгасан байна.