МҮЭ-ийн холбоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо
2022.02.09

МҮЭ-ийн холбоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо

МҮЭ-ийн холбоо, ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институттэй хамтын ажиллагааны хүрээнд санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөр нийгмийн хамгааллын хүрээнд тулгамдаж буй асуудлуудад төрийн анхаарлыг чиглүүлж нөлөө үзүүлэх бодит тоон мэдээлэл бүхий судалгааг хоёр байгууллага хамтын ажиллагааныхаа хүрээнд хийх хэрэгцээ шаардлагатай” гэв. Мөн манай улсын эрүүл мэнд, боловсрол, аялал жуучлал, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай зэрэг салбарууд боловсон хүчин, хүний нөөцийн дутмагшилд орсон учир Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт салбар бүрийн онцлогт тохирсон тулгамдсан асуудлыг судлах шаардлагатайг онцлов. Нөгөөтэйгүүр гадаадад ажиллаж буй иргэдийг эх орондоо ажиллаж амьдрах, нөхцлийг бүрдүүлэхийн тулд тулгамдаж буй асуудлыг судалж төрийн бодлогод шингээх нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүн байх ёстой. Төрийн зүгээс болон олон улсын байгууллагуудаас баялаг бүтээгчдийг дэмжиж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд яг хэдэн ажлын байр шинээр нэмэгдсэнийг судалж, хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлдэг төсөл хөтөлбөрүүд бодит хөрсөн дээр хэр үр дүнтэй байгааг олж тогтоож, хэрэгцээ шаардлагатай байгаа хэсэгт нь төвлөрүүлэх ёстой. МҮЭ-ийн холбооны зүгээс хамтын ажиллагааны уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарал хандуулж ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал Б.Батбаатар: “Манай байгууллага МҮЭ-ийн холбоотой уламжлалт хамтын ажиллагаатай. Бид хөдөлмөрийн хүрээний тулгамдсан асуудлыг шингээсэн судалгаануудыг тогтмол хийж, аливаа судалгааг хийхдээ түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг хамтад нь цогцоор нь тусгаж судлахыг зорьж ажилладаг. МҮЭ-ийн холбоотой хамтран холбогдох хуульд саналаа хүргүүлэх, хийсэн судалгаагаа төрийн бодлогод шингээхэд хамтран ажиллахад үргэлж таатай байх болно” гэв. Мөн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр, салбарын хэлэлцээр, анхан шатны Хамтын гэрээний хэрэгжилт биелэлтийн явцын талаарх судалгааг хийх саналтай байна” хэмээв.

Уулзалтын төгсгөлд хоёр байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээ, уялдаа холбоо, гарч байгаа бодит үр дүнгийн талаар хэлэлцэж, ирэх долоо хоногт дахин уулзаж уламжлалт хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргах товыг тохирлоо.