УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, цар тахлын үеийн нөхцөл байдал, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд тулгамдаж байгаа асуудал, эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, цаашид төлөвлөж байгаа ажлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр Хөвсгөл аймагт зонхилон тохиолдож байгаа өвчлөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулга хийж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд Ковид-19 халдварт цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдын ажлын хэрэгцээнд нь зориулж амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэгсэл болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 ширхэг аппаратын хамт гардуулан өглөө.
Мөн Улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн суманд баригдаж байгаа 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байна.