Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов
2021.06.15

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.15) 11 цаг 20 минутад эхэлж, Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн тус салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр, эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төсөл, БНСУ-ын Эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны сангийн санхүүжилттэй “Үндэсний оношилгоо эмчилгээний төв” МОН-8 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн статистик мэдээ, бүртгэл, тайлангий Health-info багц программ хангамжийн төсөл, Люксембүргийн Засгийн газрын санхүүжилттэй “Алсын зайн анагаах ухааны үндэсний сүлжээ” төсөл, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын health.gov.mn системийг хөгжүүлж байна. Үүнээс Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслөөс бусад нь хэрэгжиж дууссан. Мэдээлэл, технологийн шинэчлэлийн чиглэлээр 10 гаруй ажил хийгдсэн байна гэв.

Байнгын хорооны дарга Н.Учрал мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн таван жилийн хугацаанд 28,5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн. Ихэнх төсөв цахимжуултад зарцуулагдаж, төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн гэсэн мэдээллийн технологийн төв, платформ хөгжүүлснээр байгууллага хоорондын ажлын уялдаа дутмаг байгааг шүүмжлэв. Иймд Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр тус Байнгын хорооноос тогтоол гаргах нь зүйтэй. Ингэснээр бүгд нэгдсэн ойлголттой, төрийн цахим үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх, ажлын уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Д.Батлун нар эрүүл мэндийн салбарын байгууллагын мэдээлэл солилцох байдал зөрүүтэй, мэдээллийн давхардлыг арилгахаар хийж буй ажлын таалаар тодруулж, санал хэлэв. Ажлын хэсгийн гишүүд хийсэн тайлбартаа, мэдээллийн давхардлагыг арилгах, Дэлхийн банкны санхүүжилттэй “Цахим эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн, үндэсний хэмжээнд эрүүл мэндийн өгөгдөл солилцооны платформыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Харин эмнэлэг, эрүүл мэндийн өгөгдлийг салбарын хэмжээнд нэгдсэн хэлбэрээр ашиглаж чадахгүй байгаа нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна гэсэн тайлбар хийв.

Асуулт, хариулт явуулж дууссаны дараа Байнгын хорооны дарга Н.Учрал Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж, дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав.

Үүнд:

  1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хөрөнгө оруулалтын үр ашгийг судалж, төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах.
  2. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт мэдээллийн технологийн аудитыг төрийн аудитын байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  3. Иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Цахим эрүүл мэнд” төслийг эрчимжүүлж, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн системийг цахим үйлчилгээний нэгдсэн систем  /e-Mongolia/-д холбох асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  4. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой гадаадын зээл, тусламжаар болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн уялдааг хангаж, давхардлыг арилгах, нэгдсэн бодлого, удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг салбарын яаманд үүрэг болгох.
  5. Эрүүл мэндийн салбарын цахим мэдээллийн нэгдсэн сантай байх, мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хадгалалт, хамгаалалтыг хангах зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний дата төвийг түшиглэн цахим мэдээллийн сангийн ашиглалтыг сайжруулах, түүнтэй холбоотой дүрэм, журмыг боловсруулан мөрдүүлж ажиллах.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжив.