2021.02.28

Г.Мөнхцэцэг: Тусгай сангуудын үйл ажиллагаа тогтвортой, бодлого нь тодорхой байх ёстой

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

Сангийн үйл ажиллагаа тогтвортой, бодлого чиглэлийг тодорхой байх ёстой. Сангийн мал аж ахуй, отрын бэлчээрийг хамгаалах тал дээр үйл ажиллагаа нь чиглэгдсэн байх ёстой. Та бүхний танилцуулгад бэлчээрийн даацыг тодорхойлж, мал оторлох, өвөлжүүлэхтэй холбогдсон судалгааг явуул, энэ чиглэл рүү ажиллана гэж заасан байна. 

Бэлчээрийн даацыг тодорхойлно гэжээ. Монгол Улсын бэлчээрийн даац тодорхой болсон. 50-60 хувь нь даац хэтэрсэн, хүндрэлтэй гээд гарсан байгаа. Энэ тодорхойлолтоо ХААЯ, Сангийнхан юу хийсэн бэ? 

Мал оторлох өвөлжилттэй холбоотой судалгаа явуулна гэсэн. Отроор яваад малчид өвөлжөөд, хаваржиж байна. Үүний үр дүн ямар байна вэ?

Ялангуяа Говьсүмбэр, Дорноговь аймгийн хойд талын сумууд оторчидын хөлд дарагдаад байдал өөр болоод хүндрэлтэй байдалтай байна. Бэлчээрийн даацын тухай яриад ч хэрэггүй. Тэгэхээр судалгаа явуулна гээд байгаа, судалгааны үр дүн яаж гарсан бэ?

Малчид хэлэхдээ сангуудаас олгогддог зээл, тусламжид хамрагдвал тодорхой хэмжээгээр өвлийн бэлтгэлээ өөрсдөө хангаад явах боломж байна гэдэг. Жишээлбэл өөрсдөө гар аргаараа тариалалтаа эрхлээд, өвөлжилтийн бэлтгэлийг хангаад авах боломж байдаг гэж ярьж байна. Ер нь энэ сангууд дээр өвөлжилтийн тал дээр хэчнээн малчин өрх та бүхэнд хандаж тэдэнд тусалсан бэ?

ЖДҮ-ийн сан гэж байсан. Бид сангаа өргөжүүлж байна гэж харж байна. Гэтэл сангийн байдал 6.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж ярьж байна. Цаашид үйл ажиллагаа нь жигдрээд явчих тийм бололцоо, нөхцөлүүд тэр бүр харагдахгүй байна гэж энэ танилцуулгаас харагдаж байна. Үндсэндээ ЖДҮ-ийн газар ХААЯ-ны дэргэд байгаагаараа ХАА-гаа дэмжих бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулна гэж харж байна. Малчин өрхүүд, ЖДҮ-г дэмжих чиглэлээр тодорхой ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ?

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.