2021.01.12
Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх Ажлын хэсгийг байгууллаа
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амын, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.
Тус төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллахаар холбогдох тогтоолыг баталлаа.