Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2019.11.19

Генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.19/ нэгдсэн хуралдаанаар  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.

Манай улс эрс тэс уур амьсгалтай, байгалийн бүс, бүслүүрийн онцлогт дасан зохицсон өвөрмөц тогтоцтой экосистемүүд, биологийн болон генетик нөөцийн олон янз байдал элбэг гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд тэмдэглэв. Үүний зэрэгцээгээр монголчууд амьтан, ургамлаа амьдрах орчинтой нь харьцангуй унаган төрхөөр нь хадгалж, хамгаалж чадсан, ахуй амьдрал нь байгалиас буюу экосистемийн үйлчилгээнээс шууд хамааралтай, байгалийн өгөөж, байгаль хамгаалах уламжлалт мэдлэг, соёлоо өвлүүлөн хадгалж ирсэн ард түмэн гэдгийг онцоллоо. 

Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцийг 1993 онд, уг конвенцийн Генетик нөөцийн тухай Нагоягийн протоколыг 2013 онд тус тус соёрхон баталсан. Нагояагийн протокол нь биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглах хөшүүргийг бий болгож, тогтвортой хөгжил ба хүний сайн сайхан байдалд биологийн олон янз байдлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг, тэдгээрээс үүдэлтэй шинэ санаа, нээлтүүд, генетик нөөцийн ашиглалтаас хөгжиж байгаа хангагч орны иргэд үр өгөөж хүртэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг байна.    

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хамгаалах, тогтвортой ашиглах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх талаар тус тус заажээ. 

Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байгааг Н.Цэрэнбат сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ онцолсон. 

2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байдаг аж. 

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтойг салбарын сайд хэлж байв. 

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна.  

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрдэж эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно хэмээн үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж байр сууриа илэрхийлэн, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь  Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Дараа нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг ахлан ажиллахаар тогтов.