Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ
2021.12.16

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.12.15/ хуралдаан 11.21 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсэн хэмээгээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хураан шийдвэрлэх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёололыг танилцуулсан юм. Генетик нөөцийн тухай хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг өөрчлөх саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 93.3 гишүүн дэмжлээ.

Мөн Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм. Ингээд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Байнгын хороо энэ сард Генетик нөөцийн тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Үргэлжлүүлээд “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулан байгууллаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бейсен, Н.Наранбаатар, Г.Мөнхцэцэг, Т.Энхтүвшин нар орж ажиллахаар тогтлоо.

Дараа нь Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайланг сонслоо.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан хяналт шалгалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн. Ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг дахь гурил тэжээлийн үйлдвэрүүд, Ургамал, газар тариалангийн хүрээлэн, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, зарим сумдын тариаланчид, ногоочидтой уулзан, газар тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцжээ.

Аймаг, орон нутгийн тариаланчид, ногоочидтой уулзахад улаанбуудайн борлуулалт, гурилын үйлдвэрүүдэд олгох зээлийн асуудал, улаанбуудайн үрийн стандарт, үнийн болон урамшууллын дэмжлэгийн асуудал, малын тоо толгойн татварын асуудал, тариан талбайн хашаажуулалт, улаанбуудайн үрийн илүүдэл, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал, ногоон тэжээлийн стандарт, тэжээлийн ургамал тариалах талбайн асуудал, тосны ургамлын тариалалт, ургамлын өвчин, хор цацах, ургамал хамгааллын бодис, эрчимжсэн мал аж ахуйтай хоршиж ажиллах зэрэг асуудлуудыг хөндсөн хэмээн танилцуулсан юм.

Төв аймгийн хэмжээнд энэ жил 77,6 мянган га-д үр тариалж, 147 мянган тн ургац хураасан ба үүнээс буудай 131,8 мянган тн-ыг хураасан байна. Тариалангийн сумдаас борлуулагдаагүй улаанбуудайн үлдэгдэл 10 сумын 97 аж ахуйн нэгж, иргэдийн 46,0 мянган тн нь үтрэм дээрээ байна. Үлдэгдэл буудайн борлуулалтыг хэрхэх талаар болон төмс, хүнсний ногооны хадгалалтын технологийн шаардлага хангах зоорь агуулахын хэмжээг нэмэгдүүлэх, хөргөлттэй зоорь барихад төрөөс дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хөрсний үржил шимийг сайжруулах органик бордооны хэрэглээг нэмэгдүүлэх, таримлын зөв зохистой сэлээг нэвтрүүлэх, усалгаатай талбайг нэмэгдүүлж ашиглалтыг сайжруулах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, урамшууллын системийг бий болгох, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, өвлийн хүлэмж, зоорийн аж ахуйг байгуулах зэрэг асуудал тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд улаанбуудайн борлуулалтыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалахад агуулахын тоог нэмэгдүүлэх замаар худалдах, худалдан авах талуудын борлуулалтын сүлжээг тогтворжуулан байнгын ажиллагаатай болгох боломжтой гэсэн санал хэлжээ.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан Ургамал, газар тариалангийн хүрээлэн, “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрүүд, “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт зэрэг газруудад ажилласан талаар мөн дэлгэрэнгүй танилцуулсан. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ