2021.02.28

Т.Аубакир: Хөдөө аж ахуйг дэмжих сан зайлшгүй байх ёстой сан

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

ХАА-г дэмжих сан бол ганцхан Монгол Улсад байгаа сан биш дэлхийн бүх улс орнууд ХАА-гаа ямар нэгэн байдлаар дэмжээд явдаг. Дэмжих сангийнхаа цаад концевцийг алдагдуулж болохгүй. Мэдээжийн хэрэг санхүүгийн сахилга баттай холбоотой янз бүрийн асуудал байдаг байх үүнийгээ цэгцлээд аваад явах нь зөв. 

Өнгөрсөн намрын улаан буудай тариаланчдаас худалдаж авсан төлбөр нь төлөгдөөгүй байгаа. Урамшууллын мөнгө ороогүй байна. Танай салбарын санхүүгийн хүмүүс гэж ямар хүмүүс байна вэ? Тариаланчид зээлээс зээлийн хооронд байж байдаг. Гэтэл өнгөрсөн намар тушаасан мөнгө, урамшууллын мөнгийг авч чадаагүй. Нөгөөтэйгүүр банкны хүү яваад байна. Энэ асуудлыг даруйхан шийдээд санхүүгийн хүмүүс ямар хүмүүс байна вэ? Он дамжаад цагаан сарын өмнө өгөгдсөн байх ёстой зүйл одоо болтол өгөгдөөгүй байна гээд тариаланчид холбогдоод байна.

Сангаараа дамжуулаад техникийн нийлүүлэлт өмнөх жилүүдэд сангийн хашаа бол дүүрэн бага, том оврын техниктэй байсан. Одоо хашаа нь хоосон харагдаад байна. Иймэрхүү дэмжлэгүүд мэдээж хэрэг төлбөр нь санхүүгийн байгууллагуудаар зохицуулагдаад, газар тариалангийн хүмүүсийг хөнгөлөлттэй нөхцөлөөр техникээр хангах бодлого үргэлж явж байх ёстой. Дээрээс нь ХАА-д явж байгаа техникүүдийн элэгдлийн хугацаа урт байна. 

Х.Болорчулуун даргаас нэг зүйл тодруулъя. Энэ жилийн тариалалтад 389.3000-аад талбай улаан буудай тариална гэж байна. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Газар тариалангийн компаниуд 60 жилээр тухайн газрыг гэрээгээр эзэмшээд, ашиглаад явж байгаагийн хувьд тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн байх ёстой. Та энэ жил тариалах талбай нь 50-аас доошгүй хувьд нь улаан буудай тариална гэж үүрэгжүүлж өгөх ёстой.

Яагаад гэвэл тариаланчид ашиг янз бүрийн зүйлээ боддог байх, тэжээлээ давуу тариад, усны ургамал тариад байдаг. Гэтэл нөгөө талдаа улаан буудайн баланс унаад өнгөрсөн жил 70 тэрбум төгрөг, энэ жил 100 гаруй тэрбум төгрөгийн улаан буудайг Оросоос худалдаж авч байна. Тийм учраас тариалалтынхаа 389 нь нэлээд дээшлэх ёстой. Үндсэндээ ирэх жил дахиад л улаан буудайн дутагдалд орохоор харагдаад байна Х.Болорчулуун даргаа. Энэ жил ямар жил болооч билээ. Дунджаар үндсэндээ 7-8 центээр ургац авдаг. Гэтэл 400 хүрэхгүй ургац хурааж авах нь. Тэгэхээр дахиад гадагшаа валют урсах асуудал явагдах учраас газрыг гэрээгээр эзэмшиж байгаа газар тариалангийн компаниудад тодорхой хэмжээний шаардлага тавих ёстой. 50-аас доошгүй хувьд нь заавал улаан буудай тариална шүү гэж. 

Сангаар дамжиж нийлүүлэгдэх ёстой хөнгөлөлттэй шатахуун, герифцид, бордоо, бага, том оврын трактор, техникийн асуудлыг үргэлж л авч явж байх ёстой гэж хэлмээр байна. Санхүүгийн талаас нь сайд өөрөө санхүүгийн хүн тодорхой хэмжээний зохицуулалт хийгээд цэгцлээд авах нь зүйтэй. Нийгэмд тариалан эрхлэлтийг дэмжих сан бол дампуурсан газар гээд ярьдаг. Үүнд гайхаад байх юм ерөөсөө биш. Аль ч улсад татаасаар ч болтугай чирээд явдаг. Тийм учраас манай улс ч энэ бодлогоос алдагдах ёсгүй. Эргээд Монголын ард түмэн талх тариатайгаа байх уу үгүй юу гэдэг бол танай яам, сантай салшгүй холбоотой. Хүнсний хангамжийн асуудал ярьж байна.

Түүний асуултанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун,  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар хариуллаа.