Ким Чен Ун дуучин бүсгүйд хайртай байжээ
2012.04.14

Ким Чен Ун дуучин бүсгүйд хайртай байжээ

Ким Чен Ирийн хайртай хүү Ким Чен Ун багадаа ямар хүүхэд байсан, одоо эхнэр, хүүхэдтэй эсэх гээд хувийн амьдралын олон зүйл нь нууцлагдмал байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний сурагч ахуй үе, хайртай бүсгүйнх нь талаарх баримтыг олж дэлгэжээ. БНАСАУ-ын тарган, царай муутай шинэ удирдагчийг Дон Жуан шиг явдалтай нэгэн гэлцдэг.


Ким Чен Ирийн бага хүү Ким Чен Ун Швейцарьт Ун Пак хэмээх нууц нэрәэр суралцдаг байжээ. Хойд Солонгосын ирээдүйн тэргүүн Олон улсын сургуульд өөрөөсөө хоёр насаар дүү хүүхдүүдтэй хамт суралцдаг байсан ч хичээлдээ тийм сайн байгаагүй.

Кимийн ангийн Швейцарийн «Le Matin Dimanche» сонинд өгсөн ярилцлагадаа «Хойд Солонгосоос ирсэн жаал эхний цагуудаа таслаад унтдаг байсан» гэжээ.

Тэрбээр Швейцарийн хамгийн шилдэг хувийн сургуульд хоёр жил хэртэй суралцахдаа эхний жилд нь 75 хоног, дараа жил нь 105 хоног хичээлээ тасалсан түүхтэй. Ин-гэж хичээлээ тасалсан хүүхэд хэд сурах нь ойлгомжтой. Тэрбээр байгалийн шинжлэх ухаанаар доод тал нь дөрвөн оноо авах ёстой байтал 3.5-ыг л цуглуулж байсан Ер нь Ун Пак хүү математик, соёл, нийгэм судлал, герман хэл зэрэг хичээлүүддээ барагтай л бол дөрвөн оноо цуглуулж чаддаггүй байв.

Түүнчлэн тэрбээр англи хэлдээ муу байсан аж. Энэ хичээлд тэрбээр дөрвөн оноо авбал их юм болж байв. Эхэндээ Ким хүү гүнзгийрүүлсэн ангид суралцсан боловч хичээлээ дийлээгүйн улмаас энгийн ангид оржээ. Харин хөгжим, техникийн хичээлээ нэлээд сонирхдог байсан учраас тэрбээр таван оноо авдаг байжээ.

Ким хүүг 15 нас хүрэхэд аав нь түүнийг Берн тойрогт орших Ли-бефельд-Стейнгозлийн улсын сургууль руу шилжүүлжээ. Энэ сургуулийнхан түүнийг «Найк»-ийн пүүз, «Чикаго буллз» сагсан бөмбөгийн багийн эмблемтэй майк өмсдөгөөр нь сайн санадаг гэнэ.

Сагсан бөмбөг, компьютер тоглоомын улаан хорхойтон Ким энэ сургуульд шилжиж ирээд ч сайн сурсангүй. Гэхдээ Ким Чен Уны сурлага БНАСАУ-ын удирдагч болоход нь нөлөөлсөнгүй. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 11 -нд Пхеньянд түүний өвөөгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан намын их хурал болно. Энэ хурлаар тэрбээр засгийн эрхэнд бүрэн шилжих төлөвтэй байна. Одоогоор Ким Чен Ун ааваасаа 1.2 сая цэрэгтэй армийн Ерөнхий командлагчийн тушаалыг л аваад байгаа юм.

Үүнээс гадна Ким Чен Уныг хүүхэнд дуртай гэлцдэг. Пхеньяны элит хүрээнд багтдаг байсан ч Өмнөд Солонгос руу дүрвэсэн нэгэн бүсгүй шинэ удирдагчаа Хюн Сон Воль хэмээх залуу бүсгүйд хайртай байсан гэж мэдэгджээ.

«Почхонбо» электрон хөгжмийн ансамблийн дуучин бүсгүй Мартын 8-ныг тохиолдуулан тоглолт хийхэд БНАСАУ-ын шинэ удирдагч босч ирээд алга ташиж байсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд 2000 оны эхэн үеэс болзож эхэлсэн бөгөөд дуучин бүсгүйг аавынхаа ордонд урьж, хаалттай тоглолт хийлгэж байжээ. Гэвч Ким Чен Ир хүүгээ дуучин бүсгүйтэй уулзахыг хориглож, хайртай эмэгтэйг нь хувийнхаа бие хамгаалагчтай гэрлүүлжээ. Харин Ким Чен Уны хамаатан ах түүнд эхнэр олж өгөөд, хоёр жилийн өмнө гэрлүүлсэн гэлцдэг.

Залуу гэр бүл охинтой болсон гэдэг ч Хойд Солонгосын тэргүүн хатагтайг болон тэдний хүүхдийг хэн ч харж байгаагүй юм. Ким Чен Ирийг оршуулах үеэр нэгэн залуухан бүсгүй шарилд мөргөөд буцсан. Гэхдээ түүнийг Ким Чен Уны эхнэр бус, дүү нь байх магадлалтай хэмээн хэвлэлийнхэн үзэж байгаа билээ.

Өмнөд Солонгос руу дүрвэсэн жүжигчин бүсгүйн ярьснаар өв залгамжлагч, дуучин бүсгүй хоёр тус тусын амьдралтай болсон ч уулздаг хэвээрээ байсан гэнэ. Харин Ким Чен Ирийг нас барсны дараа тэд харилцаатай байгаа эсэх нь тодорхойгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.