Сундуйн Батболд гурван парламентын туршлагатай улстөрч
2012.04.02

Сундуйн Батболд гурван парламентын туршлагатай улстөрч

Шинэ өглөөний зочин маань УИХ-ын гишүүн Су.Батболд. Түүнийг  “Өглөөний хүн” булангийнхаа зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаадаа таатай байна. Тэрбээр нас залуу ч эх орныхоо төлөө хийж бүтээх их үйлс, хүслээрээ улстөрд  хөл тавьсан нэгэн. 2002 онд анх УИХ-ын гишүүн болж сонгогдох үедээ Су.Батболд 34 настай байсныг санаж байна. Зочныг маань одоогийн Ерөнхий сайдаас ялгахын тулд «Су» гэдэг болсон юм билээ. Түүнээс Сундуйн Батболд гэдгийг сонгогчид нь лав андахгүй мэдэх байх.

 

Гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, төр түшилцэж яваа зочин маань Төв   аймгийн Зуунмод суманд төрсөн. Бич жилтэй, загасны ордынх. Су.Батболд гишүүн 1975-1985 онд Төв аймгийн Зуунмод хотын нэгдүгээр дунд сургуулийг төгссөн бол ХААДС-ийг 1990 онд инженер багш мэргэжлээр дүүргэсэн ажээ. 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр, 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн техникийн ухааны магистр, 2010 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүй мэргэжлээр тус тус төгссөн. Удирдлагын академийн удирдахуйн ухааны докторант.

Су.Батболдыг дандаа л УИХ-ын гишүүн байсан мэт та бодоогүй биз дээ. Гишүүн ажлын гараагаа Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженерээр эхлүүлсэн юм билээ. 1990-1993 оны хооронд шүү дээ. Дараа нь 1993-1995 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад 2002 онд төрсөн нутаг Төв аймагтаа УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулж, гишүүн болсон түүхтэй.

 

Нутгийн түмнийхээ итгэлийг алдаагүй, хийсэн бүтээсэн гавьяатай түүнд тойргийнхон нь ам сайтай байдаг. Тиймдээ ч илүү ихийг хийж бүтээгээрэй хэмээн гурван ч удаа төрд өөрсдийгөө төлөөлүүлсэн болов уу. Су.Батболд УИХ-ын гишүүний хувьд 10 жил парламентад ажиллахдаа хоёр удаа Засгийн газрын гишүүн, сайдын албыг хашсан нэгэн. Су.Батболд гишүүн эхээс 10-уулаа гэсэн. Өнөр бүлийн гишүүн маань эхнэртээ халамжтай, хоёр хүүдээ сургамжтай, боломж олдож чөлөөт цаг гарвал тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хичээдэг нэгэн гэсэн. Төрийн их ажлын зэрэгцээ түүний ихэнх цагийг «бардаг» бас нэг ажил бий. Тэр нь хурдан морь. Монгол эр хүн бүр адуугаа хараад сэтгэл, хийморь нь сэргэдэг гэдэг ч тэр бүр уяа сойлгыг нь тааруулж, торгон жолоо өргүүлдэг нь тун ховор. Харин зочин маань хурдан моринд хүүхэд байхаасаа хайртай болсон төдийгүй уяа сойлгыг нь тааруулж уралдуулахыг хичээж сурсан гэдэг. Нягт нямбай уяачийн эрдэмд өөрийн авьяас, сэтгэлээр суралцаж, чамгүй сайн уяач болохоо ч харуулаад байгаа билээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.