Михаил Прохоров улсын үйлдвэрийг барьцаалан, Засгийн газраас зээл авч баяжжээ
Түүний зохион байгуулдаг тансаг үдэшлэгийг Сан-Тропагийн элит рашаан сувилал болон Номин эрэг, Куршевелийн уулын цанын баазын байнгын үйлчлүүлэгчид андахгүй. “Nikki Beach”, “Voile Rouge”-д болсон үдэшлэгийн үеэр Михаил Прохоров тус бүр нь 300 еврогийн үнэтэй 260 лонх цуглуулгын оргилуун дарсыг фото моделиудаар юүлүүлж, дээд амжилт тогтоосон түүхтэй. Сэтгүүлчдийн тооцоолсноор сайхан хүүхэн, наргиан цэнгээнд дуртай энэ олигархи 2006-2007 оны өвөл зөвхөн Куршевельд л 20 сая евро үржээ.
Михаил Прохоровыг Оросын бизнесийн салбарын хамгийн нууцлаг эрхэм хэмээдэг. Тэрбээр сэтгүүлчидтэй бараг уулздаггүй. 2,04 м өндөр түүний амьдралын түүхийг өгүүлсэн баримтат кино хийх болбол найруулагч нь тохирох жүжигчин олох гэж зовох байх даа.
1965 онд төрсөн Михаил 1990-ээд оны зах зээлийн үед хөл дээрээ босчээ. Түүнийг “self-made man” буюу өөрөө өөрийгөө бий болгосон хүн гэж хэлж болно. Москвагийн эрдэмтэн, сэхээтний гэр бүлд төрж өссөн Михаил Прохоров тухайн үедээ хамгийн шилдэг Москвагийн санхүүгийн дээд сургуульд ямар ч хүндрэлгүйгээр элсэв. Түүний цаашдын ажил, карьер ч мөн дардан байсан гэхэд хилсдэхгүй. Сургуулиа төгсөөд хашсан хамгийн анхны албан тушаалыг нь сонсвол та ангайх байх. Михаил Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (ОУЭЗХАБ)-ны удирдах газрын даргын суудалд очсон гээд бод доо.
Санхүүгийн төрөлх авьяасаа нээхэд нь Михаил Прохоровт бизнесийн түншүүд нь тодорхой хэмжээгээр тусалсан. Тэдний нэг нь ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгчийн Хойд Кавказыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонин юм. Тэр хоёр залуудаа тухайн үед моодонд орсон “чанамал жинс”-ийг үйлдвэрлэж, зардаг байжээ. Прохоровын ажлын амжилт үүгээр зогссонгүй. 1993 он гэхэд тэрбээр “Онэксим банк”-ны ерөнхий хорооны дарга, дараа нь ерөнхийлөгч болов. Яг энэ үеэр тэрбээр Оросын ирээдүйн тэрбумтан, тухайн үедээ “Интеррос” хэмээх жижиг компанийн эзэн Владимир Потанинтай танилцсанаар хувь заяагаа эрс өөрчилжээ. Потанин олон ажлыг Прохоровтой хамт эхлүүлж, улмаар 1995 онд Оросын бизнест хамгийн оновчтой санааг бодож олов. Энэ санааныхаа дагуу тэд Оросын Засгийн газраас барьцаатай зээл авчээ. Гэхдээ зээлийн барьцаа нь улсаас хувьд шилжсэн үйлдвэрийн хувьцаа байсан юм. Энэхүү зээлийн ачаар түншүүд дараагийн жилүүдэд Норилийн никель, “СИДАНКО” нефтийн компани зэрэг ашигтай байгууллагуудыг эзэмшиж чадсан. Ийнхүү Прохоров, Потанин нар Оросын хамгийн баян хүмүүсийн тоонд багтжээ.
Гэвч бизнесийн түншүүдийн энэ нөхөрлөл алдарт Куршевелийн дуулианы дараахан буюу 2008 онд дуусгавар болов. Францын цагдаагийн газар Прохоровыг Оросын янхнуудыг Куршевелийн рашаан сувилал руу зөөдөг хэмээн мэдэгдсэнээс болж, түүний нэр хүнд Орост төдийгүй, Европ даяар унажээ. Яг энэ үеэр Потанин түүнийг хэлэлцээрийнхээ зарим заалтыг мөрдөөгүй хэмээн буруутгаж, нэг мөсөн буулгахыг оролдов. Тухайлбал Прохоровыг “Норникель”-ийн хаалттай багцыг худалдах амлалтаа биелүүлээгүй гэжээ. Хариуд нь Прохоров Потаниныг шүүхэд өгч, улмаар ялалт байгуулав. Өнөөдөр Михаил Прохоров “Онэксим” группийн ерөнхийлөгч, “Полюс золото” компанийн ерөнхий захирал, “Норникель”-ийн захирлуудын зөвлөлийн гишүүний үүрэг гүйцэтгэдэг.
“Forbes” сэтгүүлийн 2011 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 18 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр 32-т, оросуудаас эхний гуравт жагсаж байна. Прохоров спортыг хобби төдийгүй бизнес болгож чаджээ. Оросын олигархийн өндөр нуруу нь түүнийг сагсан бөмбөг сонирхдогийг гэрчилнэ. Тэрбээр “NBA”-гийн “Нью Жерси нетс” багийг худалдан авсан юм. Мөн Оросын биатлоны тамирчдын холбоог ивээхээр болжээ. Харамсалтай энэ спортынхон одоо ч тодорхой амжилт үзүүлж чадаагүй л байна. Михаил өдөрт дор хаяж хоёр цагийг спортод зарцуулдаг бөгөөд усны дугуй, кикбоксинг, уулын цана, виндсерфингээр хичээллэдэг.
Энэ баян эрхэм өдгөө 47 нас шүргэж яваа ч одоо болтол гэрлээгүй. “Гэр бүл зохиохгүйгээр амьдралын мөч бүрийг сайхан өнгөрүүлж байна” хэмээн тэрбээр ярих дуртай. Сүүлийн үед Прохоров олны өмнө гарч ирэх нь нэмэгдсэн. Тэрбээр Оросын Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулж, долоо хоногт ажлын 60 цаг байх ёстой гэсэн төсөл гаргасан нь нийгэмд эсэргүүцэл дэгдээж байна. Түүний намтарт гайхал төрүүлэм зүйл олон. Тухайлбал Прохоров Москвагийн санхүүгийн дээд сургуулийн төгсөх дамжаанд сурч байхдаа ЗХУ-ын Коммунист намд элсчээ. Мэдээж хэн хаана элсэх нь хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ намд ажилчин ангийнхан, тариачид л шууд элсдэг бөгөөд сэхээтнүүд хатуу шүүлтүүрээр ордог байв. Харин Улсын аюулгүйн хороонд ажилладаг оюутнууд л энэ намд орох боломжтой байхад Михаил Прохоров шууд элссэн нь хачирхалтай биш гэж үү?
Өөр нэг хачирхалтай зүйл бий. Михаил Прохоров Москвагийн санхүүгийн дээд сургуулиа төгсөөд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банканд, тэгэхдээ бүр удирдах газрын даргаар томилогдсон нь олны анхаарлыг ихэд татдаг. Бүр ч хачирхалтай нэгэн түүхийг сөхөхөд тэрбээр 2007 онд Куршевелийн хэргийн улмаас Францын цагдаа нарт баривчлагдсан хэрнээ 2011 оны гуравдугаар сард Францтай ойртон дотносоход зүтгэл гаргасан хэмээн Хүндэт легионы одонгоор шагнуулсан байгаа юм.