Бразили авлигын эсрэг аян дайн зарлалаа
2011.11.29

Бразили авлигын эсрэг аян дайн зарлалаа

“Авлига, хээл хахууль мөнх, яагаад гэвэл төгс улс орон гэж байдаггүй. Авлигыг ор үнд­сээр нь устгана гэж байх­гүй учраас зөвхөн бууруулж болно” гэж ярь­даг. Харин Бразилийн Ерөн­­хийлөгч Дилма Рус­сефф яг үүнийг хийж байна.

Тэрбээр төр засгийн эрхэнд 11 сар байхдаа таван сайдыг, мөн Тамгын газрын даргаа ч авлигын хэ­рэгт холбогдуулан халжээ. Дил­ма бүсгүй хүний сэтгэл хөд­­лөлөөр “толгойноосоо эхэлж өтсөн загас”-ыг цэвэрлэж байна уу эсвэл эрх баригч элитүүдийг бүрмөсөн шинэч­лэхээр тооцоолсон уу?

Ийм олон сайдын халаа сэлгээ бусад улс оронд аль хэдийнэ улстөрийн гүн хям­рал үүсгэх байсан. Гэтэл Бра­зилид Ерөнхийлөгчийн нэр хүнд улам өсч, хэзээ ч байгаагүй 70 хувьд хүрчээ. Үүний гол шалтгаан нь ав­лигатай тэмцэх нь энэ ул­сын үндэсний хэмжээний бод­лого болон хувирч, үүнд хууль сахиулах бай­­гуул­лагууд, хэвлэл мэ­дээл­­лийнхэн, сүм хийд төдийгүй иргэд өөрсдөө татагдаж ор­сон хэрэг. Энэ ажиллагааг Бра­зилид “цэвэрлэгээ”, “өг­лөө­ний угаалга” гэж нэрлэдэг. Кам­панит ажлын дүнд дунд тушаалын түшмэд, зарим хотын захиргаа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.

Ерөнхийлөгч Дил­ма өмнөх төрийн тэргүүн Луис Инасиу Лула да Силвагаас ап­­паратыг нь өвлөн авсан би­лээ. Тэрбээр Лулагийн Тамгын газрын дар­га байхдаа энэ аппаратыг бүр­дүүлэхэд өөрөө гар бие оролцсон хүн. Иймээс Дилма одоо улстөрийн эр зориг гар­гаж, дээд ту­шаа­лын түшмэдийн та­лаарх хэвлэлээр гарсан материалыг шалган, тэмц­лийг эхлүүлсэн.

Сан-Паулу хотын Үйлд­вэрч­ний эвлэлийн (FIESP) мэ­дээгээр 2010 онд төрийн бай­гууллагуудын түшмэдийн авсан авлигын хэм­жээ Дотоодын нийт бү­тээг­дэхүүний /ДНБ/ 2,3 хувьд хүрчээ. Энэ нь 69,1 тэрбум реал буюу 277 онгоцны буу­дал барих хөрөнгө. Эсвэл энэ мөнгөөр их, дээд сур­гуулиудын төсвийн албан ту­шаалтны тоог хоёр дахин нэмж болох гэнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газ­рын дарга Антонио Па­ло­си хамгийн эхэлж огцорсон. Тэрбээр сүүлийн хэдэн жилд гэнэт нэмэгдсэн хө­рөн­гийнхөө эх үүсвэрийг тайл­барлаж чадаагүй юм. Дараа нь Аялал, жуулчлалын сайд Педро Новайс огцров. “Живш­гүй” хочит Новайс та­ван удаа улиран, энэ албыг хашихдаа төсвийн мөн­гийг асар ихээр хувьдаа зав­шсан бол Хөдөө аж ахуйн сайд Вагнер Росси бизнес­мэнүүдээс хахууль ав­даг байв. Харин Тээв­рийн сайд Альфредо Наси­мен­то өөрийн удирддаг яа­маа гэр бүлийн бизнесийн та­л­бар бол­гон хувиргаж, төмөр зам барих төсөл зэргийг өөрөө авдаг аж. Спортын сайд Орландо Силва төс­вийн мө­н­гийг өөртөө бус сон­гууль намын хэ­рэг­цээнд үрсэн гэсэн ч ялгаагүй огцор­сон. Энэ томчуудын огц­ролт араасаа дунд болон бага тушаалтнуудыг цувруулжээ.

Шинжээчид “Энэ цэвэр­лэгээ эрсдэлтэй. Халагдсан, огцор­сон түшмэд бүгд Зас­гийн газрын эвсэлд багтдаг на­мынх. Мөн сөрөг хүчин Ерөн­хийлөгч Дилмагийн эс­рэг кам­панит ажил эхлэн, “Бид­нийг дан авлигачид удир­даж байна” гэж иргэ­дийг сэнх­рүүлж байгаа тул Ерөн­хийлөгч өөрөө ог­цорч магадгүй” хэмээн сэ­рэмж­лүүлэв. Бразилийн ард­­чил­с­ан хөдөлгөөний нам, Ком­­му­нист нам эвслээс гар­на гэж мэдэгдсэн ч гарч зүрх­лэх­гүй байна. Учир нь ир­гэ­ний нийгэм, сүм хийд, биз­несмэнүүд бүгд авлигын эсрэг тэмцлийг дэмжиж байгаа юм. Ерөнхийлөгчөө хич­нээн эр зориг гарган, эвслийн ашиг сонирхлоос ард түмний­хийг илүү дээгүүрт авч үзэж байгааг тэд үнэлж байна.


Бразилид “Авлигын эс­рэг” хөдөлгөөн өрнөж, хүн бүр идэвхтэй байр суурь эзлэх болсон. 20 мян­ган хүн гудамжинд гарч жагс­аж, төрийн бүх ша­танд авлига гаарсныг эсэр­гүүцэж, депутатын хал­дашгүй эрхийг халах, итгэл хүлээлгэх санал хураалтыг нуу­цаар явуулах зэрэг шаард­лага тавьжээ. Нэг иргэн “Би машин дээрээ “Ав­лигыг устгая” гэсэн зурагт хуудас наасан биш нэг ч цаг­даа намайг зогсоохоо боль­сон ” гэжээ.

Авлига цэцэглэхэд гурван хүчин зүйл нөлөөлдөг аж. Ав­лигад идэгдсэн түшмэд, тэд­нийг өөгшүүлэгчид буюу ав­лига өгөгчид, мөн оли­гар­хиу­даас дэмжлэг авдаг хууль тогтоогчид. Олон нийтийн байгуулла­гууд ч энэ тэмцэлд татагдан оржээ. Тэд “Нэг бол Бразили авлигыг устгана. Эсвэл ав­лига Бразилийг” гэсэн уриа дэв­шүүллээ. Рио-де-Жанейро хо­тын Копакабан наран шар­лагын газарт хүмүүс 594 шүүр авч ирж, авлигын эсрэг тэм­цэхээ мэдэгдлээ. Даш­рамд дурдахад энэ улсын пар­ла­ментын доод танхим ийм тооны гишүүдтэй аж. Сонирхуулахад Ко­па­ка­ба­ны эдгээр шүү­рийг мар­гааш нь бүг­дийг хул­гайл­чих­сан аж.

Ерөнхийлөгч Дилма “Ав­­­ли­га­тай тэмцэх нь ми­ний хувьд эрсдэл. Надад “өг­лөө­­ний угаал­г­а” гэдэг нэр таа­­лагд­­даг­гүй. Яагаад гэ­вэл өглөө­ний 6-8 цагт угаалга, цэ­вэр­­лэ­гээ хийдэг бол төсвийн хө­рөн­гийн зар­цуу­лалтад тавих Ерөн­­хийлөгчийн хяналт хэзээ ч зав­сар­лахгүй” хэмээн ярь­­жээ. Сэт­гүүлч түү­­нээс “Хө­дөл­­­мө­рийн нам зас­­гийн эр­хэнд найман жил, най­­ман сар байхдаа яагаад энэ аж­лыг дуусгаж чадаагүй вэ?” гэж асуув. “Эрхэм бүс­гүй минь, энэ бол гэрийн цэвэр­лэгээ биш. Авлигыг ганц до­­хил­тоор устгах ар­га­гүй. Тэр тус­маа цаашлах ту­сам тэмцэл улам хүндэрч бай­гаа” хэмээн Ерөнхийлөгч ха­риул­лаа.

Дэлхийн бусад орны Ерөн­хийлөгчөөс ялгаатай нь ха­тагтай Дилма авлигачидтай үгээр биш ажил хэргээр тэм­цэж байна. Энэ тэмцлийн гол бай нь түүний сайн та­ни­лууд, өмнөх элитүүд. Хуу­чин Ерөнхийлөгч Лула тэд­нээс улстөрийн дэмжлэг авахын төлөө бүхнийг уучилж, зөв­шөөрч байсан гэдэг. Иймээс Дилма шинэ элитүү­дийг бий болгохоор шийдсэн бололтой. Тэгээд ч Лула хоолойн хорт хавдар туссан учраас улстөрд эргэн ирэхгүй байх.

Зарим судлаач энд эмэгтэй хүний хүчин зүйл нөлөөлж буйг үгүйсгэхгүй байна. Хамгийн аймшиггүй, хамгийн тэв­чээр­тэй шүүгч бол нөхөр­гүй, хүүхэдгүй эмэгтэй гэдэг. Гэхдээ Бразилийн 36 дахь Ерөнхийлөгч Дилмагийн хувьд энэ онолын тал нь үнэн. Хатагтай Дилма хоёр удаа гэрлэж байсан ч одоо салсан. Охинтой, өнгөрсөн жил ачтай болсон байна.

64 настай Ерөнхийлөгч Дилма 2014 оны сонгуульд дуу­лиан шуу­гиан­тай очи­хоос санаа зо­вох­гүй бай­на. Учир нь тэр өөрийгөө Лу­­ла­­­гийн үйл хэр­гийг үр­­гэлж­лүү­л­эгч биш гэд­гийг ба­­талж, өө­­рийн бодлогыг явуу­­ла­­хыг хүсч байгаа бо­лол­­­той. Гэх­дээ улстөрийн бо­­лон оли­­­гар­­хиу­­дын эли­түү­­­дийн эсрэг сөрөн зог­­сох хүч түүнд бий юу? Ха­тагтай Дил­маг Ерөн­хийлөгч Фернан­до Кол­­ло­рын хувь заяа хү­лээж бай­на уу. Кол­лор яг түүн шиг авлигын эсрэг тэм­цсэн боловч мө­н­гө угаа­сан хэрэгт сэ­жиг­лэг­дэн ог­цор­сон. Шал­бааг дунд амьдарч байж яаж ч ша­вар болохгүй байх би­лээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.