С.Эрдэнэ: Ч.Сангарагчаа албан тушаалдаа эрдсэн болов уу
Мягмар гаригийн орой АТГ-ын удирдлагуудтай холбоотой хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцээд хорих ял оноосон. Энэ хэргийн хохирогчоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцсон юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлагуудыг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр /уржигдар/ шийдвэрээ гаргалаа. Энэ хэрэгт та хохирогчоор оролцсон. Юунаас болж, хэргийн хохирогч болсон юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй холбоотой авлигын хэрэг гэх юм дуулдаагүй санагдах?
-АТГ-ын удирдлагатай холбоотой асуудал өнгөрсөн жил нийгэмд нэлээн шуугиан тарьсан, олны анхаарлын төвд орсон. Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор гээд хууль хяналтын байгууллагаас тус газрыг шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэр АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэд хэдэн удаагийн хэвлэлийн бага хурал хийж, “Бид өч төчнөөн тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаад, илрүүлдэг ч, энэ нь прокурорын байгууллага болоод шүүхийн шатанд замхарч байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуульд төрийн өндөр дээд албан тушаалтнууд олноор хамрагдаж, хэргийн хариуцлагыг хүлээхгүйгээр мултарсан” гэж ярьсан. Сэтгүүлч түүнээс “Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсийн нэрсийг хэлж болох уу” гэсэн чинь “Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын хүмүүс байгаа” гэж хэлсэн байсан л даа. Ингэснээрээ намайг Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдөж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэмт хэрэгтэн болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, гүтгэсэн юм. Энэ мэдээлэл хэвлэлийн бүх хэрэгслээр цацагдсан.
-Тэгэхээр та зөрүүлээд Ч.Сангарагчаа даргыг өөрийгээ гүтгэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан гэсэн үг үү?
-Үгүй, эхлээд би АТГ-ын дарга Ч.Сангарагчаад албан тоот, 2009 оны Баянгол дүүргийн шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан 41 тоот тогтоолыг хавсаргаж явуулсан. Шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан тогтоол гаргасан байхад яагаад С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуульд хамрагдаж, өршөөгдсөн мэтээр олон нийтэд зарлаж байгаа юм бэ. Энэ асуултад хариу ирүүлнэ үү гэж шаардсан. Хариу ирүүлээгүй. Хоёр гурван ч удаа шаардсан. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байхад Ч.Сангарагчаа даргатай биечлэн уулзаж ярилцсан. Харамсалтай нь, өөрийгөө буруу зүйл хийсэн гэж үзэхгүй байсан.
-Яг юу гэж тайлбарласан юм бэ, түүнийгээ?
-“Яахав дээ, би ярьдаг л юмаа яриа биз дээ. Юун сүртэй юм” гэж хэлсэн. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд, улстөрч хүнийхээ хувьд нийгэмд зөв ойлголтыг өгөх ёстой биз дээ. Тийм учраас би Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж, АТГ-ын дарга Ч.Сангарагчаа намайг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж, гүтгэсэн. Асуудлыг шалгаж тогтоож өгнө үү гэж... Гэтэл шүүх хуралдаан болох хоёр дахь өдрийн өглөө Ч.Сангарагчаа дарга манай өмгөөлөгчөөр дамжуулж “С.Эрдэнэ гишүүн ээ, эвлэрье, нэгэнт ийм асуудал болсон учраас би гэм буруугаа хүлээж байна” гэж хэлүүлсэн байсан. Тэгэхээр нь би ганц л шаардлага тавьсан. Надад тэр асуудлаа бичгээр гаргаж өг гэж. Гэвч тэрбээр шаардлагыг аваад, надад ямар ч хариу өгөөгүй. Тэгээд өчигдөр шүүх хурал болдгоороо болоод, шийдвэрээ гаргалаа.
-Та тэгэхээр энэхүү шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, өмгөөлөгчөө оролцуулжээ дээ?
-Тийм ээ, манай өмгөөлөгч биечлэн оролцсон.
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өмнө нь Ч.Сангарагчаа дарга, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцээд “шаардлагагүй” гэж олонхиороо шийдэж байсан. Гэвч шүүхээс тэдэнд ял өглөө. Тэгэхээр энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо дахин авч хэлэлцэх үү?
-Монгол Улсын хуулиар шүүх гэм буруутайг тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй. Хэрвээ шүүх гэм буруутайг нь тогтоосон бол тэр хүн шууд гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг. Зарчим нь тэр. Асуудал байхгүй. Бодвол Давж заалдах шатанд гомдол гаргах байлгүй. Давж заалдах шатны шугамаар шүүх хуулийн байгууллага нь хэлэлцэх байлгүй.
-Зарим хүн Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор нар хамтарч байгаад хонзон авах зорилгоор эсрэг намынхаа хүмүүсийг эхнээс нь шүүхээр дамжуулж яллаж эхэллээ. Хэзээ байтлаасаа ийм хурдан хугацаанд хэргийг шийдэж байлаа. Энэ нь эцсийн дүндээ Монгол Улс авлигатай тэмцэх хүсэл зориггүйгээ харуулсан явдал боллоо гэж үзэж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Яахаараа шүүхээс АТГ-ын удирдлагуудыг гэм буруутай хэмээн тогтоосны төлөө өнөөдөр Ерөнхийлөгч ч юм уу, Ерөнхий прокурор хууль бус үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдох ёстой юм. Тийм асуудал байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ардчилсан нам сонгоогүй, ард түмэн сонгосон. Ард түмнээс сонгогдоод гараад ирж байгаа Ерөнхийлөгч бол ард түмний л төлөөлөл, аль нэг намын төлөөлөл биш. Одоогийн Ерөнхийлөгчөөс өмнө МАН-аас Ерөнхийлөгч нар сонгогдож л байсан. Тэр үед Улсын ерөнхий прокуророор нөгөө намаас томилогдсон хүмүүс ажиллаж л байсан.
Дахин хэлье, Ардчилсан намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болоод, Ардчилсан намд ажиллаж байсан хүн Улсын ерөнхий прокурор болчихоор өс хонзон авдаг, эсвэл Ардчилсан намын талд үйлчилдэг, хууль бус шийдвэр гаргадаг тийм ойлголт төрөх ёстой юм уу. Тийм юм байхгүй. Хууль бол хууль. Хууль дээдлэх зарчмаар л ажиллах ёстой. Тэгж ярих юм бол өнөөдөр АТГ-ын дарга нарын тагнаж чагнасан хэргийг Д.Дорлигжав прокурор үүсгээгүй, Тагнуулын ерөнхий газар л энэ хэргийг анх шалгаж, тогтоосон шүү дээ. Тагнуулын ерөнхий газрын даргыг хаанаас томилсон юм. С.Баярыг Ерөнхий сайд байхад л томилогдсон. Тэр хүн өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй, албан ажлаа хийгээд явж байна. Тагнуул хийх ёстой ажлаа хийсэн, прокурор хянах ёстой хяналтаа тавьсан. Шүүх гаргах ёстой шийдвэрээ гаргасан гэж ойлгож байгаа. Үүнийг зөв үү, буруу юу гэдгийг эцсийн эцэст шүүх л шийднэ. Шүүхийн давж заалдах шатны гурав, дөрвөн шат байна. Түүнийгээ даваад заалдаад явна биз. Би ч гэсэн тухайн үедээ шүүхээс хилсээр буруу ял оноочихлоо, намайг хэлмэгдүүлчихлээ гээд ном дүрмийнх нь дагуу давж заалдаад, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоод, цагаадаад өнөөдөр явж л байна. Магадгүй жижиг сажиг алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхдээ үнэхээр хууль зөрчиж үү, хуулийн дагуу явж уу үгүй юу гэдгийг эцсийн эцэст шүүх л тогтооно.
-АТГ-ын удирдлагуудыг шүүхээс 2.ц0-2.4 жилийн ял сонсоно гэж та бодож байсан уу?
-Ганц тагнаж чагнасан биш, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, улсын нууц задруулсан, хүн гүтгэсэн гээд зүйл анги нь олон л доо. Уг нь Ч.Сангарагчаа дарга тухайн үедээ миний асуултад хариу өгөөд “Уучлаарай, би андуурчихжээ” гэсэн бол би түүнээс мөнгө нэхээгүй, хохирол нэхэмжлээгүй. Нийгэмд цацсан буруу ойлголтыг залруулаач ээ л гэсэн. Тэгээгүй нь их сонин л байсан байхгүй юу. Хэтэрхий их албан тушаалдаа эрдэж, итгэсэн юм болов уу л гэж бодож байна. Бас янз бүрийн хамгаалалт байсан л байх л даа.