2020.04.24

М.Билэгт: Ноолуур хөтөлбөр батлаад үүндээ дэмжлэг авч болдоггүй юм уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүүн М.Билэгт:

Жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг малчид Монголын уламжлалт аж ахуйг авч яваа. Энэ салбарт сүүлийн 30 жил юу дутагдсан бэ гэхээр төрийн оновчтой бодлого дутагдсан. Харин энэ  Засгийн газар эдийн засгийг солонгоруулахад мал аж ахуйн салбараа дэмжих ёстой гэдэг дээр анхаарч эхэлж байна. Одоо дорвитой шийдвэрүүд гаргах хэрэгтэй байна. 

Дэлхийн хэмжээнд жилдээ нийлүүлэгддэг ноолуурын 40 хувийг Монгол малчид маань гаргаж ирж байна. Энэ дээр нь онцгой бодлогоор хандаж дэмжиж өгөх хэрэгтэй байна. Алт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Монгол банк энэ дээр анхаарч хамтарч ажилламаар байна. Дэлхий дахиныг хамарсан тахлын үед экспортод гаргах боломжтой бүтээгдэхүүн ноолуур байна. Ч.Улаан сайд аа Монгол банк Алт хөтөлбөрийг дэмждэг шиг Ноолуур хөтөлбөр батлаад үүндээ дэмжлэг авч болдоггүй юм уу? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.