2020.04.16

Д.Оюунхорол: Иргэд эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог хэрэглэх сонирхолтой болсон

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.16)-ны нэгдсэн цахим хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хувьд төмс хүнсний ногоогоо дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах улмаар экспортын чиг баримжаатайгаар энэ салбарыг хөгжүүлэх боломж байгаа гэж үздэг.

Өвөл зуны хүлэмжийн болон зөөврийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нэлээд тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой гэж байна. Яг энэ чиглэлээр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ? Хот суурингийн хүн амыг жилийн турш шинэ ногоогоор хангах боломж манай иргэдэд бий. 

Монголчууд эх орны хөрс шороондоо ургасан дотоодын хүнсний ногоог хэрэглэх сонирхолтой болсон. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдээ, аж ахуй нэгжүүдээ ямар байдлаар дэмжих вэ? Хүлэмжийн ногоо, навчит ногооны үрийг татвараас чөлөөлөх асуудлыг цаашдаа оруулж ирэх үү?