2020.04.16

Ж.Ганбаатар: Тосны ургамлыг импортлох татварыг тэглэнэ гэдэг дээр сайн ярьсан биздээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.16)-ны нэгдсэн цахим хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ хуулийг санаачилсан хүмүүст баяр хүргэе. Дэмжиж байна. Хуулийн хугацааг намраас хэрэгжиж эхлэнэ гэдгийг ард иргэдэд хэлэхгүй бол хүмүүс буруугаар ойлгож байж магадгүй. Дотооддоо бараанууд нь хамгийн үнэтэй, хил даваад хямдхан улс болчихвий дээ. Дэлхийн хамгийн баян улсууд ийм байдаг. Монгол шиг хөгжиж буй орон хамгийн үнэтэй улс байж болохгүй. 

Нэг хоёр жилийн дараа бид өрсөлдөх чадвартай болно гэж байгаа нь сайшаалтай. Тэр суурийг тавьж  энэ хууль гарч байгаа гэдэгт санал нэгтэй байна. Үр тариа гэсний ард тосны ургамал гэсэн байна. Тосны ургамалыг импортлох татварыг тэглэнэ гэдэг дээр сайн ярьсан биз дээ. 

Түүний асуултанд Ч.Улаан хариуллаа.