Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат нарын 21 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун танилцуулсан.
Улсын Их Хурлын 2015 оны “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 3.1.11-д “үр тариа, буурцагт болон бусад таримлын төрөл, сортыг нэмэгдүүлэх, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамлын үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлэх”, 3.1.13-д “өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хот, суурингийн хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах” гэж тус тус заасан. Гэтэл хүнсний ногооны тариалалт жилээс жилд буурч, зах зээл дэх импортын хүнсний ногооны хувь хэмжээ нэмэгдсээр байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.
Түүнчлэн тэрбээр, Улсын хэмжээнд 2018 онд хүнсний ногоо 8.6 мянган га талбайд тариалж, 102.2 мянган тонн ургац хураан авч байсан бол 2019 онд улсын хэмжээнд хүнсний ногоо 8.3 мянган га талбайд тариалж, 90 гаруй мянган тонн ургац хураан авч төмс, хүнсний ногооныхоо нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна.
Хүнсний ногооны хэрэгцээний хоосон орон зайг гадны чанарын баталгаагүй төмс, хүнсний ногоо эзэлж байгаа нь дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэгчдэд учрах эдийн засгийн сөрөг нөлөөллөөс гадна хүн амын эрүүл мэндэд харшилж, зарим өвчлөлийн эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед манай улсын хүнсний ногоо үйлдвэрлэлийн томоохон компаниуд энэ чиглэлийн бизнесийг тогтмол алдагдалтай байсан гэх шалтгаанаар ээлж дараалан зогсоох боллоо. Сэлэнгэ аймагт гэхэд 6000 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч байснаас одоогийн байдлаар 3000 болтлоо багассан статистик мэдээлэл байна гэж байлаа.
Эдгээр шалтгаан, нөхцлөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд одоо 15-20 хувиар тогтоогоод байгаа зарим төрлийн хүнсний ногооны импортын татварыг 30 хувьд хүргэх, харин үр тариа, тэжээлийн таримал болон тосны үрийг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь, хэмжээг “0” болгохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуултж асууж, санал хэлсний дараа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжлээ.