УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс тавьсан асуулгын хариуг сонслоо
2020.04.24

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс тавьсан асуулгын хариуг сонслоо

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн ( 2020.04.24)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадал 2017 онтой харьцуулахад төрөл, шат бүрт 16-60 хүртэл хувиар өсөж, нийтдээ 1600 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2019 онд 434.7 сая ам.долларт хүрч, 2018 онтой харьцуулахад 6.0 хувиар, 2017 онтой харьцуулахад 29.8 хувиар тус тус өссөн байна. 2019 оны нийт экспортод угаасан ноолуур 65.2 хувийг, самнасан ноолуур 10.4 хувийг эзэлж байгааг онцлов. 

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Ноолуур” хөтөлбөрт тусгагдсан ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан боловсруулаад байна. Тус техникийн зохицуулалтын төслийг Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, яамд болон холбогдох газруудаас санал авч, боловсруулсан бөгөөд дэлхий дахинд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх болно. “Ноолуур” хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ноолуурын үйлдвэрийг 3 жил тутамд аттестатчилах замаар шаардлагатай техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийг өргөтгөх” зорилтын хүрээнд ноос, ноолуурын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 4 дүгээр улиралд аттестатчилал явуулж, нийт 140 үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан.  “Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшдэг “Монголын хаан ширхэгт” “ноос, ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг үйлдвэрлэгчдэд олгох, сурталчлан таниулах үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой 2018 оны 10 дугаар сард гэрээ байгуулан хамтран ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн малчдын хоршоодод суурилан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зорилгоор Загвар хоршооны ТЭЗҮ-г хоршоодын мэргэжлийн холбоод болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай” 47 дугаар тогтоол батлагдсан ба тус тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн биржийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь блокчэйн технологийг 2019 оны 12 дугаар сард нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү технологи нь ашиглалтад орсноор биржийн арилжаанд оролцогч хоршоо болон байнгын гишүүн брокерын компаниуд нь цахим орчинд хүссэн газраасаа арилжаа, төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдэж байна. Тус системийг нэвтрүүлснээр зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, малчин өрх бүхий хоршоо, бусад гаднын орны биржүүдтэй шууд холбогдох боломжтой болно гэдгийг Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцлов.

Мөн тэрбээр, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2018, 2019 онд давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгжид нийт 296.36 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Ноолуурын үйлдвэрүүдэд 2016 оноос хойш олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, үүнээс 2019 оны зээлийн үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэрүүд маань эдийн засаг, санхүүгийн маш хүнд байдалд орсныг харуулж байгаа гэв. 

Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-нд “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус тогтоол нь шинэ төрлийн коронавирусийн (Covid -19) халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах,  ноолуурын салбарыг дэмжих зорилготой юм. Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн  хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ онцолсон. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж ноолуур бэлтгэж эхлээд байна. Эдгээр  үйлдвэр, аж ахуйн нэгж нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. Ноолуур бэлтгэлийг аймаг, сумдын хүнс, хөдөө аж ахуйн албад, малчид, бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна гэж байлаа. 

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, М.Билэгт, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Я.Санжмятав, О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Жавхлан нар асуулт асууж, санал хэллээ.

Гишүүдийн зүгээс улсын хэмжээнд бэлтгэсэн ноолуурын 70 хувийг борлуулахад хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас бодлого, гарц боловсруулж байгаа эсэх, ноолуурын үнэ ханш унаснаар малчдын орлого буурч улмаар банкны зээлийн дарамтад орохоос сэргийлж арга хэмжээ авч байгаа талаар илүүтэй тодруулав. Түүнчлэн 2240 тонн ноолуурыг худалдан авах аж ахуйн нэгжүүдийн тоог тодруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт ноолуурын үнийг ялгавартай тогтоосныг илүүтэй сонирхож байв.

Улсын хэмжээнд энэ жил 10 гаруй мянган тонн ноолуур бэлтгэх тооцоо байгаагаас Засгийн газраас бодлогын зээл гаргаж 30 хувийг нь дотоодын эх үүсвэрээс, үлдсэн 70 хувийг борлуулахад нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг олох асуудлыг олон талаас судалж, ажиллаж байна. Засгийн газраас Монголбанктай хамтраад нэмэгдэл эх үүсвэр болох бонд, өрийн бичиг гаргаж болно. Гэвч цаасан мөнгө хэвлэснээр цаашид эдийн засагт амаргүй үр дагавар гарах төлөв байгаа. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулах таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Ер нь өмнөх жилүүдэд бэлтгэсэн ноолуурын 70 хувийг гадаадын хөрөнгө оруулагчид худалдан авдаг байсан. Энэ жилийн хувьд коронавирусын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн учир гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд хугацааны хувьд хойшлогдож, тодорхойгүй байдалтай байна хэмээн Ч.Улаан сайд хариулав. 

Мөн тэрбээр, ноолуурын үнэ ханш буурснаар малчдын орлого буурч байгааг харгалзан банкны зээлийн дарамтаас сэргийлж Засгийн газар Монголбанк бусад банктай ярилцаж, ажилласны хүчинд малчдын зээлийн төлбөрийг жилийн хугацаатай хойшлуулж, энэ хугацаанд хүү, алданги, торгууль тооцохгүй байхаар шийдсэн гэв. Одоогоор ноолуур бэлтгэх 20 аж ахуй нэгж байгаагаас 10-н аж ахуй нэгж үйл ажиллагаагаа эхэлж, үлдсэнийг нь банк хянаж, гэрээ байгуулах шатандаа байгааг Ч.Улаан сайд хариултдаа дурдаад эдгээр аж ахуй нэгжүүд Хөгжлийн банк, Төрийн банкнаас ирэх долоо хоногт зээлээ авна гэв. 

Ноолуурыг зүүн бүсийнхэн 03 дугаар сарын 15-аас -04 дүгээр сарын 05, төвийн бүс 03 дугаар сарын 25-аас 05 дугаар сарын 01, хангайн бүс 04 дүгээр сарын 10-аас 05 дугаар сарын 10, баруун бүс 05 дугаар сарын 10-аас 06 дугаар сарын 01 хүртэл бэлтгэж дуусдаг тул нь энэ нь чанар, үнэд нөлөөлдөг. Зүүн бүсийн аймгуудын хувьд хаврын шуурганаас өмнө ноолуураа бэлтгэдэг тул тоос шороо, хялгас багатай байдаг. Иймд түүхий ноолуураас гарч буй цэвэр ноолуур нь 60-65 хувьтай байдаг бол төвийн бүсийнх 50-60, хангайн бүс 50-55, баруун бүс 48-53 хувийн гарцтай байдаг. Сүүлийн жилүүдэд тогтсон үйлдвэрүүдийн энэхүү жишиг үнэ, ямааны омог, өнгөний эрэлт хэрэгцээг харгалзан үзэж, ялгаатай үнийг тогтоосон хэмээн Ажлын хэсгээс нэмэлт тайлбарыг өгсөн.   

Асуулгын хариуг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд санал хэлэв. Тэрбээр нийт ноолуурын 70 хувийг борлуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах ажлыг шуурхайлах шаардлагатай. Коронавирусын үед хил, гаалийн хорио цээрийн 21 хоногийн дэглэмийн хугацааг тооцож үзэн гадаадын хөрөнгө оруулагчдыг нэн даруй оруулж ирэх, дотоодын аж ахуй нэгжүүдтэйгээ адил бодлогын гэрээ байгуулах, өрсөлдөөнийг бий болгох ажлыг нь эхлүүлэх шаардлагатай гэв. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт экспортын гаралтай малын түүхий эдийн үнийн уналтад татаас өгнө гэсэн заалт байгааг сануулаад мал тооллогын дүнгээр үнийн алдагдлыг нь тооцож татаас өгөх асуудлыг үндсэн чиглэлд тусгах санал хэлэв.  Цаашдаа малын арьс шир, ноос ноолуурын салбарт реформ хийх цаг болсныг анхааруулсан. 

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 171 мянган малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон малчдын орлогын 40 хувийг бүрдүүлдэг ноолуурын асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай тул Улсын Их Хурлаас “Ноолуур" хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах, дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснийг мэдэгдэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Х.Болорчулуун, Б.Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, асуулгын үеэр гишүүдээс гаргасан бодитой санал, санаачлагуудыг тусгаж ажиллахыг анхаарууллаа