Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
Тэрбээр "Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна.
Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдчихлээ.
Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр бидэнд санал тавьсан. Тэднээс нэрлэвэл:
- Говь
- Кашмер холдинг
- Богд кашмер
- Сор кашмер
- Монгол микра
- Хатад интернэйшнл
- Монгол нэхмэл
- Сувд
- Гоёл
- Влю скай
- Буян
- Эрдэнэт ноолуур
- Өгөөж шим ХХК
- Баялаг-Өлзий ХХК
- Жижиг сүлжих үйлдвэрүүд
Үүнээс 10 нь 100-110 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ гэж бидэнд санал өгсөн. Ингээд дунджаар улсын хэмжээнд нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах, бэлтгэх бололцоотой юм байна гэсэн тооцоо гаргасан учраас төр засаг шийдвэрээ гаргасан. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна.
Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна.
Хоёр том зорилт тавьж байна.
НЭГ: Үндэсний боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ тасарлтгүй явуулж ажлын байраа хадгалах
ХОЁР: Малчны хөдөлмөрийн үр дүн, үнэ цэнийг унагахгүй гэсэн "алтан дундаж"-ыг олгох гэж бид их хичээсэн.
Халдвар тархсан онцгой нөхцөл таарч байгаа учраас барьцаа хөрөнгө нь хүрэхгүй бол бэлтгэж байгаа ноолуурыг чинь барьцаалъя гэсэн. санал тавьж байна.
Бид аж ахуйн нэгжүүдэд зээл олгох үндэслэл тооцоог хянаж үзээд арилжааны банкнаас зээлийг олгоно. Аж ахуй нэгж болгонд арилжааны банкин дээр тусгай данс нээнэ. Энэ дансанд мөнгийг нь байршуулна. Эрхээ авсан, зээлээ авсан аж ахуй нэгжүүд орон нутагт очиж ноолуураа бэлтгэнэ. Ингэхдээ малчинтай гэрээ хийнэ. Энэ гэрээнд орон нутгийн хүнс хөдөө аж ахуйн байгуулалгууд гуравдагч талууд болж оролцоно. Ноолуураа өгсөн малчны дансанд дээрх банкны данснаас мөнгийг нь шилжүүлж өгнө. Ингэснээр малчдад очих үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Ноолуурын чанарт тавих хариуцлагыг өндөржүүлнэ.
Одоо бол үйлдвэрүүдэд ноолуурын зээл олгох үйл ажиллагаа явагдаж байна. Дөрөвдүгээр сарын 5-наас ноолуурын бэлтгэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс малчид ноолуураа борлуулах гэж яарч, бачимдан хямд үнээр худалдаалахгүй байх хэрэгтэй" гэлээ.