Төв аймаг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн төсөл танилцуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Төв аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”, “Монгол улсад цагаан будаа тариалах боломж” талаар хэлэлцсэн юм. Хуралд ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, ТНБД-ын албан үүргийг түр орлогч гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, бодлогын газрын дарга нар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, тус аймгийн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”- ийн төслийг танилцууллаа. Энэхүү төслийн зорилго нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загварыг тодорхойлохыг зорьж байна. Уг төсөлд Төв аймгийг дөрвөн бүс болгон мах болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, гурил тэжээл, хуурай сүү, ургамлын тос, бордоо, цардуул, шахмал хавтангийн үйлдвэр, гахай тахиа үнээний фермийн төслийг хэрэгжүүлэх, хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ:
Төв аймгийн хойд бүст:
- Хүлэмжийн аж ахуй
- Сүү сүүн бүтээгдэхүүн
- Үр тариа
- Хүнсний ногоо
Төв аймгийн Төвийн бүст:
- Хүлэмжийн аж ахуй
- Жимс жимсгэнэ
- Бэлчээрийн мал аж ахуй
- Эрчимжсэн хонины аж ахуй байгуулах
Төв аймгийн Баруун бүст:
- Мах махан бүтээгдэхүүн
- Жимс жимсгэнэ
- Үр тариа
- Тэжээлийн ургамал
Төв аймгийн Зүүн бүст :
- Фермерийн аж ахуй
- Тэжээлийн ургамал
- Жимс жимсгэнийн аж ахуй
- Хүлэмжийн аж ахуй
- Хүнсний ногооны чиглэлээр үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн байна.
ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн гишүүдээс Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг төрөөс хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, төслүүдтэй уялдуулах, эрчимжсэн мал аж ахуйд ашиглах тэжээлийн таримлыг нэмэгдүүлэх, цардуулын үйлдвэр байгуулах, малын удмын сангийн үндэсний төвийн нөөцийг ашиглаж зохиомол хээлтүүлэг хийх, үр авах, эрүүл бүсээс малын бүтээгдэхүүн бэлтгэж экспортлох, боловсон хүчний нөөц, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, сүүний аж ахуйг кластераар зохион байгуулж загвар болгох, өндөр ашиг шимтэй малыг өсгөн бойжуулах, газар тариалан мал аж ахуйн тухайлсан бодлогын ажлуудыг төсөлд тусгах санал гаргасан юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн бодлого гаргаад уялдуулаад, тодорхой тооцоо үндэслэл хийж байгаа нь зүйтэй байна. Зарчмын хувьд дэмжиж байна. Яам энэ асуудлыг анхааралдаа авна. Хэрэгжих арга зам нь илүү тодорхой болгох үүднээс салбарын бодлого, үйл ажиллагаатай үүнийг нягт уялдуулахад анхааръя. Энэ шийдвэрийн төсөлд хоёр үе шаттай ажиллах бодолтой байна. Яамны газар хэлтэс, аймаг хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгийг ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга ахлан, тодорхой санал дээр ажлаад шийдвэрийн төслийг хэлэлцүүлье” гэв.