Д.Оюунхорол: Чингис хааны төрсөн нутагт хөшөөнөөс өөр хийсэн ямар ч хөрөнгө оруулалт алга
Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр буюу 468 сая ам.долларын гэрээг соёрхон батлах тухай асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Мэдээж жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл авч байна. Зээлийнхээ өрийн таазыг бид нэмж байгаа. Ирээдүйд энэ зээлийг үр хойчдоо үлдээж өгөөд, төлүүлэх зээл. Тиймээс зээлийн ашиглалт, үр өгөөж тал дээр нь онцгой анхаарах ёстой.
Монголын төр бодлогоороо гадаадаас авч байгаа зээлээ хэрхэн зарцуулж, ямар үр дүнд хүрэх, хөгжлийн ямар бодлоготоо зориулах, нөгөө талаас эдийн засгаа хэрхэн дэмжих, төсвийн орлогоо бүрдүүлэх эх үүсвэрээ бий болгоход аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлье гэж зорилго тавьсан. Энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед боловсруулсан бодлого, шийдвэр.
Тийм учраас өнөөдөр Хөвсгөл болон Архангай аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр, Улаанбаатар хотыг соёлын аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ гэсэн том шийдвэрүүдийг гаргасан.
Төрийн ажил залгамж шинж чанараар явах ёстой. Зарим нэг гишүүдийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд, шийдвэрлэгдсэн асуудлыг дараагийн Засгийн газар үргэлжлүүлж авч явах ёстой гэж үзэж ойлгодог. Харамсалтай нь энэ тал дээр алдаа гаргасан. Тиймээс энэ хэлэлцээрийг хоёр удаа хойшлуулсан. Энэ алдааг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар зассан.
Энэ бол аль нэгэн гишүүд дур зоргоороо өөрчилсөн шийдвэр биш.
Өмнөх Засгийн газрын гаргасан шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газрын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдээ нухацтай авч үзэх шаардлагатай гэж бодож байна.
Бидний гаргасан саналын зарчим нь түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг сонирхож үзэхэд зориулсан иргэдэд үйлчилгээ үзүүлэх аялал жуулчлалын үзэвэртэй болох юм. Чингис хааны асуудал болон түүхэн аялал жуулчлалыг ярьсан шалтгаан нь 2016 онд "Lonely planet" гэх дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар монголд ирэхэд очих газруудын жагсаалтын гуравдугаарт Чингисийн төрсөн нутаг орсон байсан. Бид Чингис хааныхаа нэрийг их ашигладаг. Түүхэн хүн, мянганы суут хүн гэж ярьдаг.
Харамсалтай нь өнөөдөр Хэнтий аймгийн Дадал хөшөөнөөс өөр хийсэн ямар ч хөрөнгө оруулалт, шон татаагүй.
Тиймээс шийдвэр гарч, түүхэн аялал жуулчлалын төвийг бий болгож хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Харамсалтай нь энэ санхүүжилтийг хассан байсан.
Цаашдаа зээл аваад, өрийн тааз нэмж байгаа тохиолдолд Монгол Улсын Засгийн газар зорилго, бодлоготой арга хэмжээгээ авч сурах хэрэгтэй.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо шилжин ирж амьдардаг хүмүүсийнхээ тоогоор 17-20 мянган хүнтэй. 10 жилийн сургууль, цэцэрлэг байхгүй. Гэр хорооллын иргэд маань гэр хороололд амьдаргийнхаа төлөө сурч боловсрох эрхээ хязгаарлуулж байгаа шүү.
Тиймээс орж ирж байгаа зээл, төслийг хуваарьлахдаа хүн амын төвлөрөл ихтэй, сургууль цэцэрлэггүй байгаа байршилууд дээрээ хуваарьлаж сурмаар байна.
Ж.Батсуурь сайдын үед Баянзүрхийн 2-р хорооны сургуулийг оруулна гэж тухайн үедээ Засгийн газарт танилцуулагдаж байсан. Өнөөдрийн жагсаалтад энэ асуудал орж ирсэн эсэхийг ойлгохгүй сууж байна. Энэ хорооны сургуулийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод нийтдээ 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын тоог бууруулах зорилгоор 35 сургуулийн цэцэрлэгийн барилгын шинэ болон өргөтгөлийн ажил хийгдэнэ. Энэ дотор Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүд, Дархан-Уул аймагт 3 сургууль, 7 цэцэрлэгийг шинээр барина. Мөн нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүргүүд, Говь-Алтай, Говьсүмбэр, Сайншанд аймагт 8 сургууль, 17 цэцэрлэг барина. Яг таны хэлснээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны 22-р цэцэрлэг дээр өргөтгөлийн ажил, 16-р хорооны 8, 82-р цэцэрлэгийн өргөтгөл, 24, 25-р хороо тус бүрт нэг нэг шинэ цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн байна. Эдгээр жагсаалт өмнөх Засгийн газраас өргөн мэдүүлсэн жагсаалтаараа явж байгаа.