Агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банкнаас 12 сая ам.доллар зээлнэ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.12.11/-ийн хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын өрхүүдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацаанд зорилтот ажил хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)- ыг бууруулсан байна.
Тиймээс төслийг үргэлжлүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгох болжээ. Зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр батлагдсанаар 2020, 2021 онд Улаанбаатар хот 100 хувь утаагүй болж чадах уу” хэмээн асуусан юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд төслийн үр нөлөөг дээшлүүлэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, амины орон сууцны дэд бүтцийн асуудлыг шийдэхэд анхаарах шаардлагатайг онцолж байлаа.
Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.