Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ
2019.03.20

Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит бус чуулганы Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.19) хуралдаан 14 цаг 52 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны  Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 зээлийн санхүүжилтийг олгохоор төсөлд тусгагдсан гэв. 

Мөн Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж,  хөдөө аж ахуй, хүнс, ногоо тариалах, усалгаатай тариалалтыг дэмжих зэрэг таван чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон.

АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь  авах, зээлийн хэлэлцээрүүдийг хугацаа алдалгүй АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр батлуулах шаардлагатай байгаа тул төслүүдийн зээлийн асуудлыг Улсын Их Хурал, Байнгын хороодтой нэгтгэсэн байдлаар зөвшилцөж, соёрхон батлуулах зорилгоор Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулсан гэж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, З.Нарантуяа, Н.Амарзаяа нарын зүгээс

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг хаана, ямар эх үүсвэрийг бодлогоор дэмжих гэж байгааг илүүтэй тодруулсан юм. Түүнчлэн гишүүдийн зүгээс бүс нутгийн онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзах, баруун бүсэд усалгаатай газар тариалан эрхэлж байсан туршлагыг харгалзан үзэж, усжуулалтай газар тариалан, ногооны аж ахуйг шинээр барихаас илүүтэй өнгөрсөн нийгмийн үед эрхэлж байсан үйл ажиллагаанд тулгуурлаж сэргээн хөгжүүлэх бодлого барьж ажиллах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцсөний дараа аймаг, сумдад хэрэгжүүлэх асуудлыг тодорхой ярина гэдгийг хариултдаа онцолсон. Ингээд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг  зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.