АБГББХ: Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хэлэлцээрийг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.09.12) хуралдаан 13 цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилт"-ийн хүрээнд дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын санхүүжилт авахаар харилцан тохиролцсон.
Хөтөлбөрийн хүрээнд төсвийн тогтвортой байдлыг сэргээх нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн гурван чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авахаар харилцан тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь хүрээнд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын 10 арга хэмжээг Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк тус тус хариуцан хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хоёр дахь шатны санхүүжилт болох 80 сая. ам долларыг Олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.долларыг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа. Санхүүжилтйийн нөхцлийн тухайд зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, эхний таван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Хөгжлийн банкнаас авч буй зээлийн хүү 1.25 хувь, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн хүү LIBOR+0.89 хувь болно гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтын хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах "Зээлийн гэрээний төслийг зөвшилцөх асуудалд гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрье" гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ